mmafighting.com сайтын тоймч Майкл Дэвид Смитийн Strikforce-ыг UFC хэрхэн мөхөлд хүргэж байгаа тухай нийтлэлийг хүргэж байна.
Zuffa компани Strikeforce-ыг худалдаж авахад, UFC холбооны ерөнхийлөгч Дана Уайтын "энэ бол ердийн бизес" гэдэг үг амных нь уншлага болоод байсан билээ. Наанаа тэр нь Strikеforce урьдын адил бие даасан байгуулагын хувиар үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх болно гэсэн утгатай үг байлаа.
Гэвч угтаа бол, тэр нь Zuffa-гийн булшилсан холбоодын жагсаалтад дахин нэг байгууллага нэмэгдлээ гэсэн үг байв.
Зоригтойхон хэлэхэд, Strikeforce бол мөхөл рүүгээ явж байгаа байгууллага юм. UFC Strikeforce-ыг хиймэл амьсгалын аппаратаас нь салгахгүй хэдий хэр хүлээхийг болоод Showtime ТВ хэдий хүртэл тэмцээнийг нь цацахыг хэн ч хэлж мэдэхгүй билээ. Харин тэр үеэр UFC Strikeforce-оос хэрэгтэйгээ авч, хэрэггүйг нь хашаа давуулж хаясаар л...
Дэн Хэндерсон Фёдор Емельяненког ялдаг тэр өдөр би Скотт Кокероос, Strikeforce холбоог удирддаг хүнийх нь хувьд, Фёдорыг эргэн ирэхийг хүсч байгаа эсэхийг асуухад, тэрээр "тийм" гэсэн тодорхой хариу өгсөн юм. Гэтэл өнгөрөгч пүрэв гаригт Дана Уайт Strikeforce, Фёдор нарын харилцаа дуусгавар болсныг мэдэгддэг байгаа.
Хэрэв Та энэ байгуулагад сүүлийн үгийг Скотт Кокер биш, харин Дана Уайт хэлдэг болсонд гайхширсан бол Та UFC-ийн хэдэн жилийн өмнөх, Zuffa Фёдорын төрөлх хот Старый Осколд спортын ордон барьж өгөх гэж байгаа тухай 4-р сарын 1-ний наргианд итгэж байсан байх л даа.
Дашрамд хэлэхэд, Фёдор бол мөсөн уулын зөвхөн ил харагдаж байгаа хэсэг нь юм шүү дээ. Strikeforcе-ыг худалдаж авах үед түүнд байсан өндөр зэрэглэлийн тамирчид одоо хаана юу хийж явааг эргэн нэг харъя:
- Алистар Оверим. Strikeforce-ын энэ аваргыг UFC Golden Glory хоёрын хооронд маргаан дэгдэнгүүт халж орхисон. Вердүмийг буулгаж авснаас хойш Алистарын байр суурь UFC-ээс гадна өрсөлдөж байгаа хүнд жингийн хамгийн шилдэг тамирчных нь хувьд улам бат болсон тэр мөчид халсан гэдгийг онцолмоор байна.
- Ник Диаз. Байгууллагын дунд жингийн аваргад UFC холбооны дунд жингийн аварга Жоржс Сэнт-Пьертэй тулалдахыг санал болгож, Strikeforce-ыг дунд жингийн аваргагүй, харин Showtime-ыг олны үзэх дуртай, маш өндөр рейтингтэй одоос нь салгачихсан.
- Жейсон Миллер. Strikeforce-ын хамгийн алдар нэртэй тамирчдын нэг түүнийг UFC-д оруулж, The Ultimate Fighter реалити шоуны дараагийн цувралд дасгалжуулагчийн ажлыг өгсөн.
- Марлус Кунен. Эмэгтэйчүүдийн - 61 кг-ын жингийн аварга асан тэрээр Zuffa Golden Glory хоёрын хооронд үүссэн маргааны хомрогонд хэлмэгдсэн.
- Крис Киборг. Эмэгтэйчүүдийн - 65 кг-ын аварга, шилдэг эмэгтэй тулаанч тэрээр нэг жил гаруй хугацаанд ганц ч тулаан хийгээгүй бөгөөд ирээдүйд хэзээ тэмцээнд орох нь одоо болтол тодорхойгүй байгаа.
- Дэн Хэндерсон. Түүний Фёдортой хийсэн тулаанаар Strikeforce-той байгуулсан гэрээ нь дууссан юм. Zuffa түүний Strikeforce-той байгуулсан гэрээг сунгах нь юу л бол, харин түүний оронд UFC-д оруулж, тэндхийн хагас хүнд жингийн шилдэг тамирчидтай өрсөлдүүлэхийг илүүд үзэх нь гарцаагүй.
Тэгэхлээр, Zuffa Strikeforce-ыг шилдэг тамирчдаас нь салгасан хойно энэ байгууллагыг амьд байлгах ямар хэрэг байгаа юм бэ? Цаашид энэ компаний үйл ажиллагааг хэвээр нь явуулах нь ямар ч утгагүй хэрэг болж хувирч байна.
Showtime-ынхан нэг л зүйлийг ойлгох хэрэгтэй: Strikeforce бол Pride, Affliction зэрэг холбоод цагтаа UFC-ийн хоол болсон шиг, мөхлийн замаар араас нь сажилж байгаа юм.



Зорилго нь тодорхой л юм байна даа. UFC гэдэг ганцхан байгууллага үлдэх юм байна. Тэгээд тамирчид тулалдах газаргүй болоод, UFC-гийн улыг долоох юм байна л даа.
ReplyDelete