UFC дэх хөгжлийн бэрхшээл (сонсголгүй)-тэй цорын ганц тулаанч Мэтт Хэмилл өнгөрөгч ням гаригт UFC 133 тэмцээнд Александр Густаффсоноос хүлээсэн ялагдлынхаа дараа зодог тайлж буйгаа мэдэгдлээ.
"Өнөөдөр миний хувьд гунигтай өдөр болж байна. Би UFC-д зургаан жилийн турш 13 тулаан хийсэн, одоо зодог тайлж, энэ гайхалтай спортыг орхих болоод байна. Би UFC 130 тэмцээний дараа зодог тайлахад ч бэлэн байсан юм, гэвч миний найз нөхөд, гэр бүлийнхэн, дасгалжуулагч нар болон хамгийн гол нь охин маань дахиад нэг үзээд алдах урам зориг өгсөн болохоор би өчигдрийн тэмцээнд оролцсон юм. Миний тулаанчийн карьер The Ultimate Fighter реалити шоунаас эхлээд л гэмтэл бэртлээр дүүрэн байлаа. Түүнээс хойшхи бүх тулаанд ямар нэг хэмжээний бэртэлтэйгээр бэлтгэл хийсээр ирсэн. Миний амьдралын спорттой холбоотой сүүлийн 28 жилд би өөрийнхөө биеийг даанч хайрлаж байсангүй. Одоо биеэ амраах минь... Ялъя, түрүүлье гэсэн хүсэл эрмэлзэл мохож одлоо. Миний дасгалжуулагч нар бол дэлхийн шилдэг багш нар юм, тэднийхээ ачаар би ийм хол явлаа, сүүлийн тулаануудад амжилтгүй оролцсон маань тэднээс бус гагцхүү надаас л шалтгаалсан."
"Би холимог тулааны спортод үнэн голоосоо дуртай учраас Mohawk Valley MMA клубтаа дасгалжуулагчийн хувиар ажиллаж, багийнхандаа болоод дараагийн үеийн тамирчдад UFC-д амжилт олоход нь туслах болно. Тэрчлэн UFC-ээс гадуурх өөрийн хувийн ажил хэрэгтээ, тэр дундаа энэ намар нээлтээ хийх, миний амьдралаас сэдэвлэж хийсэн "Хэмилл" кинон дээр ажиллах төлөвлөгөөтэй байна."
"Намайг үргэлж дэмжсээр ирсэн найз нөхөд, гэр бүлийнхэн болон фэнүүдэдээ талархаж явдгаа илэрхийлье! Энэхүү ер бусын замналыг туулахад шүтэн бишрэгчид маань онцгой үүргийг гүйцэтгэсэн юм шүү."
Мэтт Хэмилл нь 2001 оны Сонсголгүй тамирчдын Олимпийн наадмын сонгомол бөхийн мөнгө, чөлөөт бөхийн алтан медалийн эзэн юм. Тэрээр холимог тулааны карьертаа нийт 14 тулалдаж, 10 ялж, 4 ялагдсан хувийн амжилттайгаар 34 насандаа ийнхүү зодог тайллаа.
Мэтт Хэмиллд дасгалжуулагчийн ажил, цаашдын амьдралд нь сайн сайхныг хүсье!

No comments:
Post a Comment