2011/08/18

Жүниор дос Сантос: Би Фёдорын томоохон шүтэн бишрэгч

UFC холбооны хүнд жингийн аваргын цол горилогч Бразил улсын 26 настай тамирчин Жүниор дос Сантосын iSport.ua сайтад өгсөн ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.




Ярилцлагаа эерэг асуултаас эхэлье: Таныг саяхан хэд хэдэн нэр бүхий сайтаас "Сарын онцлох тулаанч"-аар шалгаруулсан. Баяр хүргэе! Ийм хүндтэй шагнал хүртэх нь сайхан байгаа байх...

Баярлалаа! Надад ийм их хүндэтгэл үзүүлсэнд нь талархаж байна, бэлтгэл дээр гаргасан идэвх зүтгэл үр дүнгээ өгч байна. Үргэлж дэвшиж, ур чадвараа дээшлүүлэн шүтэн бишрэгчдийгээ, холимог тулааны нийт хорхойтнуудыг баясгаж байх нь миний зорилт. Хийсэн ажлынхаа үр шимийг ийн амсах нь тун сайхан юм, шагнал хүртсэндээ маш их баяртай байна.

Та Фрэнк Мирт удтал чимээгүй байж байгаад хэн нь илүү хүчтэй цохьдог талаар хариу өгсөн. Түүний өөрийн Тань тухай ярьсан зүйлд Та эгдүүцсэн үү? Ямар учраас түүний хэлсэн зүйлд хариу өгөх болсон юм?

Би түүнд хариу өгсөн юм биш ээ. Надад хариу өгөх бодол байгаагүй. Нэгэн ярилцлагын үеэр тэр тухай асухлаар нь л би Миртэй санал нийлэхгүй гэдгээ хэлсэн. Мир надаас илүү хүчтэй цохьдог гэж бодож байгаа бол тэр л биз. Би түүнд нь огтхон ч эгдүүцээгүй, түүгээр барахгүй, ер нь би тиймэрхүү явган яриаг тоодоггүй юм. Би юу чаддагаа мэдэж байхад болох нь тэр. Эцсийн эцэст хүмүүс үргэлж л өөрийн бодлоо илэрхийлж байдаг шүү дээ. Хүний мөн чанар тийм хойно хорих аргагүй. Миний хувьд бол би тулаанч болохоос дэмий юм чалчиж явдаг хүн биш.

Удахгүй Та тун амаргүй тулаан хийх гэж байгаа. Кейн Веласкез Таны карьер дахь хамгийн хэцүү өрсөлдөгч үү?

Тийм ээ. Түүнтэй хийх тулаан карьер дахь маань хамгийн хүнд сорил болно.


Таны сүүлийн (Шейн Карвин) болоод одоо учрах гэж байгаа (Кейн Веласкез) хоёр өрсөлдөгчийн гол ялгаа нь юу вэ?

Зөндөө ялгаа бий. Нэгдүгээрт, Кейн илүү хурдан, илүү төгс тулаанч: тэрээр хэвтээ, босоо тулааны аль алинд нь сайн, тактикийн барилдаанд ч гарамгай. Хоёрдугаарт, Кейний цохилт хүч ба техникийн хувьд Карвиныхаас илүү. Түүнээс гадна Кейн ер бусын ажиллах чадвартай тамирчин юм.

Веласкесыг дийлэхэд хүргэх гол хүчин зүйл юу байж болох вэ? Та Кейнийг барилдахдаа хийгээд босоо тулааны техниктээ сайн, ажиллах чадвар өндөр гэлээ. Нэмэж хэлэхэд, тэрээр цохилт даахдаа ч гэсэн мөн сайн ш дээ...

Хэцүү асуулт байна. Шийдвэрлэх хүчин зүйл юу байж болохыг хэлэхэд хэцүү. Ямартай ч түүнтэй сөргөлдөхөд шаардлагатай бүхэн надад бий гэдэгт эргэлзэхгүй байна. Миний карьер дахь сорил шалгуурууд цаашлах тусам илүү хүнд хэцүү болж байна. Хамгийн гол нь өрсөлдөгчийнхөө хүчтэй талуудад санаа зовох биш, харин өөрийнхөө давуу талуудад анхаарч, нээж гаргаж ирэх нь чухал. Би өөрийнхөө хийж чадах тэр зүйлд илүү их анхаарч, зуун хувь биеэ дайчлахыг эрмэлздэг. Найман өнцөгтөөс аварга болоод гарч ирнэ гэдэгт итгэл төгс байна.

Бүх цаг үеийн хүнд жингийн хамгийн шилдэг тулаанчдын нэг Фёдор Емельяненко бэлтгэлийн арга барилаа ер өөрчилдөггүй. Өөрөөр хэлбэл, тулаанд ялалт байгуулсан эсэхээс үл хамаарч, бэлтгэлийнх нь үйл явцад ямар нэг өөрчлөлт ордоггүй гэсэн үг. Таныхаар ингэх нь зөв үү? Та тулааны үр дүнд уялдуулж бэлтгэлдээ өөрчлөлт оруулдаг уу?

Энэ асуудлыг тамирчин бүр өөр өөрийнхөөрөө шийддэг. Миний хувьд гэвэл өөрчлөлт оруулдаг. Би сүүлд хийсэн тулааны бичлэгээ үзэж, ямар алдаа гаргасныг тогтоодог, дараагаар нь тэр алдаагаа засах тал дээр ажилладаг. Сүүлийн хоёр тулаандаа хэд хэдэн алдаа олж харсан, одоо тэднийгээ засах чиглэлд ажиллаж байгаа. Би шинэ зүйлд суралцах дуртай. Намайг шинэ юм зааж сургаж өгөх олон хүн хүрээлж байдаг, би азтай хүн шүү. Тэд маань миний мэргэжлийн өсөлтөд тун их нөлөө үзүүлдэг юм.

Та Фёдор Емельяненког юу гэж боддог вэ?

Би Фёдорын томоохон шүтэн бишрэгч. Тэрээр бүх цагийг эзэлсэн аварга хүн. Миний бодлоор Фёдор энэ спортод илүү ихийг үзүүлэх чадвартай хэвээрээ байгаа. Сүүлийн тулаануудадаа ялагдал хүлээгээд байгаа нь тамирчин хүнд тохиолддог л зүйл, рингэнд хэр их гарна - төдий хэмжээгээр ялагдал хүлээх магадлал их байна шүү дээ. Фёдор ММА сонирхогчдыг дахин нэг бус удаа баясгах болно оо.

Та Фёдортой уулзаж байсан уу?

Үгүй.

Та ямар учраас менежерээ солих болсон юм бэ? Энэ Таны карьер дахь чухал шийдвэр болсон шиг ээ... (Жүниор бразилийн нэрт менежер Эд Соарестай ажил хэргийн холбоогоо тасалсан юм.)

Надтай ажиллахыг гол зорилтоо болгосон тийм хүмүүстэй ажиллахыг хүссэн юм. Би өмнө нь хамтран ажиллаж байсан хүмүүстэй найрсаг харилцаагаа хадгалж үлдсэн. Гэвч би бүх чиглэлд өсөж дэвжиж байхыг урьтал болгодог хүн. Энэ нь мэргэжлийн бүх тамирчдад адил хамаатай. Надтай нэгэн зүгт тэмүүлэх тийм хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэхийг зорьсон юм л даа.

Цаг цагаараа байдаггүй шүү дээ. Ажил хэргээ явуулах арга барилаа ч өөрчилье гэж бодсон юм. Би хуулийн зөвлөхтэйгээ зөвлөлдөж байгаад зарим нэг өөрчлөлт хийх шийдвэр гаргасан.


Украйн дахь шүтэн бишрэгчдэдээ хандан үг хэлэх боломж олгоход...

Тун таатай байна! Украйны дэмжигчдэдээ их баярлалаа! Нэг өдөр танай улсад тулаан хийж, Та бүхэнтэй биечилж уулзах завшаан гарна гэдэгт найдъя. Дэлхий даяар карьерыг минь анхааралтай ажиглаж, дэмжиж, санаа зовж байдаг ийм их хүн байдаг нь тун таатай байна, Та бүхэндээ талархаж байна.

Үнэнийг хэлэхэд, өөрийгөө зурагтаар байнга гарч байдаг тийм хүн болно гэж огт бодож байсангүй. Энэ бүхэн надад тохиолдож байгаад заримдаа үнэмшмээргүй болдог юм гээч. Шүтэн бишрэгчдийнхээ зурвас, сэтгэгдлийг уншихад улам их урам зориг ордог юм шүү. Намайг дэмждэг хүн бүхэн миний www.juniordossantos.com.br сайт, эсхүл Twitter дэх @junior_cigano хуудсанд орж санал бодлоо үлдээж болно. Би бололцооныхоо хэрээр хариу бичихийг боддог. Харамсалтай нь би Украйн хэл мэдэхгүй, хэрэв мэддэг байсан бол өөрөө сууж байгаад хариу бичихсэн.


No comments:

Post a Comment