2011/08/25

Юушин Оками: Би илүү гэдгээ Бразилийн үзэгчдэд харуулахын тулд надаас шалтгаалах бүхнийг хийх болно

Ирэх ням гаригт болох UFC Rio тэмцээний гол тулаанд UFC холбооны дунд жингийн аваргын цол горилох Япон улсын 30 настай тамирчин Юушин Окамигийн TATAME.com сайтад өгсөн ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.




Андерсон Силва Та хоёрын анхны тулаанд Силва дүрэм зөрчсөн тул ялалтыг Танд өгсөн. Тийм болохоор энэ удаад Андерсон илүү их ялах гэсэн эрмэлзэлтэй байгаа байх...

Андерсон хориотой цохилт хийсэн учраас ялалтыг надад өгсөн, гэвч тэр тулаанд би өөрийгөө ялагдсан гэж боддог. Энэ удаад юу болохыг хэлэхэд хэцүү, өмнөх тулаанаас хойш бид хоёрын хэн хэн нь илүү их сайжирсан. Андерсон үргэлж түрэмгийлж тулалддаг, тийм болохоор тулаан тун сонирхолтой болно гэдгийг л баттай хэлье.

Өмнөх тулаанд Таныг хориотой аргаар өшиглөхөд Та баашилж тулааныг үргэлжлүүлэхийг хүсээгүй гэлцдэг. Та тухайн үед үнэхээр тулааныг үргэлжлүүлэх боломжгүй болоод байсан гэж үү?

Би гэмтсэн юм шүү дээ. Болоод өнгөрсөн зүйлийг одоо ухаж ярихын хэрэг байхгүй, тийм учраас тэр тулааны тухайд хэн юу гэж ярих нь надад огт падгүй. Ямар ч байсан тэр тулаан намайг улам хүчтэй болгож, би UFC-д орж өрсөлдөж байна, тиймээс би Силвад талархаж, түүнийг хүндэлж явдаг юм. Силва намайг баашилсан гэж ярьсан тэр үе хэдийнээ ард хоцорчихоод байна. Би баашлаагүй юм. Энэ удаад би түүнийг хүндлэх сэтгэлтэйгээр тулалдана, хэн нь илүү сайн тулаанч гэдэг нь аяндаа харагдах болно.

Тэр үед Та Андерсоныг таньдаг байсан уу? Түүнийг хэсэг хугацааны дараа аварга болно гэж тааварлаж байв уу?

Түүнийг PRIDE-ын үеэс эхэлж мэддэг болсон, тулааны бичлэгийг нь зөндөө үздэг байлаа. Тэрээр үргэлж нэг хэвийн тулалддаг ч "хий"-гүй маш нягт тулаанч. Аварга болно гэж бодож байгаагүй ч шилдэг тулаанчдын нэг болно гэдгийг гадарлаж байсан.

Өнөөдрийн Андерсон тэртээх 2006 оны үеийн хувилбараасаа юугаар ялгаатай вэ?

Тэрээр UFC холбооны аваргын цолоо олон удаа хамгаалж, туршлагжсан. Тулаанаас нь үзэхэд, олж авсан тэр туршлага нь түүнийг өөртөө итгэлтэй болгодог нь харагдсан. Тэрхүү өөртөө итгэлтэй байдал нь өрсөлдөгч тамирчдад нь ихээхэн нөлөөлдөг юм.

Та эхний тэр тулаанаас хойш өөрийгөө хэр өсөж дэвшсэн гэж боддог вэ?

Би бүх талаараа илүү сайн болсон, ялангуяа бяр чадлын хувьд...

Чел Соннен Андерсон Силваг хэрхэн дийлж болохыг бөхийн техникийн тусламжтайгаар яруу тодоор харуулж өгсөн гэдэгтэй санал нийлэх үү?

Чел Силваг унагааж, дороо оруулж чадна гэдгийг мэдэж байсаан, гэвч бөх, боксын техникийг хослуулах замаар Силваг илүүрхэж чадна гэдгийг арай ч санааагүй. Сонненгийн хэрэглэсэн тактик үнэхээр үр дүнтэй байсан, гэвч би бол Соннен биш, тийм болохоор би өөрийнхөө физиологийн онцлогт илүү тохирох тийм арга барилуудаа түлхүү ашиглах болно.

Танд UFC холбооны анхны япон аварга болох боломж байна. Энэ нь Танд нэмэлт дарамт болдог уу? Энэ боломж Танд болоод Японы шүтэн бишрэгчдийн хувьд их үнэ цэнэтэй боломж байх...

Тэмцээн бүрийн өмнө сэтгэл зүйн дарамт мэдрэгддэг, гэвч энэ удаад аваргын цол горилж байна, намайг зөндөө олон хүн дэмжиж байгаа нь улам их эрч хүчийг өгч, ялах дийлэх гэсэн эрмэлзлээр тэтгэж байна. Энэ бүх дарамт эерэг үр дүнд хүргэнэ гэж найдаж, 27-ны өдөр бүх талаар бэлэн байх л үлдлээ. Бэлтгэл ханаж, формынхоо оргилд гаргах тулаанаас шүтэн бишрэгчидэдээ сэтгэлийн дүүрэн цэнгэл эдлүүлмээр байна.

Та өмнө нь Бразилд ирж байсан байх аа? Бразил улс болоод бразил тулаанчдын тухайд юу гэх вэ?

2003 онд Сан Пауло хотод болсон ADCC холбооны тактикийн барилдааны тэмцээнд ирж байсан. Тэхэд жаахан бэлтгэл хийсэн, гэвч тэр үед таньж мэддэг тамирчин гэж үгүй байлаа. Хөөрхөн бүсгүйчүүд, самба бүжиг зэргийг нэрийн хуудсаа болгосон Бразил улс сайхан шүү! Миний бодлоор, бразилчууд цаанаасаа тулаанч болох заяатай байгалийн хүч чадалтай хүмүүс, тамирчид нь потенциал сайтай. Бразил тулаанчид маш их сэтгэлийн тэнхээтэй, хэзээ ч шантардаггүй юм. Япон болоод Европын эерэг чанаруудыг шингээсэн юм шиг санагддаг шүү.

Та UFC Rio тэмцээний тулааны оноолтыг юу гэж бодож байна?

Бразилийн маш олон тамирчин орсон байна лээ, тэгэхлээр гайхамшигтай сайхан тэмцээн болох нь дамжиггүй. Силва (UFC-д) нэг ч ялагдаж байгаагүй, түүнийг хэр чанга тулаанч гэдгийг хүн бүхэн андахгүй. Танхимаар нэг Силвагийн хөгжөөн дэмжигчид цугларах нь гарцаагүй, гэвч би чаддаг бүхнээ үзүүлж үзэгчдийг баясгаж чадвал, үзэгчид хэн нь ялалт байгуулснаас үл хамаарч хэн хэнд нь хүндэтгэлтэй хандана гэж бодож байна. Би илүү гэдгээ Бразилийн үзэгчдэд харуулахын тулд надаас шалтгаалах бүхнийг хийх болно.



Андерсон Силва - Юушин Оками 2006.01.20 Rumble On The Rock 8

No comments:

Post a Comment