2011/08/10

Вадим Финкельштейн: Фёдорын хувьд бүх юм дөнгөж эхэлж байна

Фёдор Емельяненкогийн менежер бөгөөд M-1 Global холбооны ерөнхийлөгч Вадим Финкельштейний championat.com сайтад өгсөн ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.




Карьераа үргэлжлүүлэх шийдвэрийг Фёдор өөрөө гаргасан уу, эсхүл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх гэж ингэв үү?

Аль аль нь гэх үү дээ. Гэвч Фёдорын карьераа үргэлжлүүлэх гэсэн хүсэл нь шийдвэрлэх нөлөө үзүүлсэн. Гэрээгээр хүлээсэн үүргүүд дайвар шинжтэй байсан. Хэрэвзээ Фёдор зодог тайлахаар байсан бол түүнд хэн ч, юу ч саад болж чадахгүй. Федя дотны найз нөхөд, тамирчид, дэмжигчдийнхээ санал бодлыг сонсож байгаад шийдээ гаргасан. Емельяненко өнөөгийн байдлаар эрэл хэрэгцээтэй тамирчин хэвээрээ байгаа, бид өөртэй нь зөвлөлдөж байгаад ийм үед зодог тайлах нь буруу гэдэг дээр тогтсон. Фёдор эрүүл, хүч тэнхээ дүүрэн, цааш тулалдахад бэлэн байна. Тэрээр 34 настай, энэ нь хүнд жингийн тамирчны хувьд ид нас. Өнөөх Дэн Хэндерсон гэхэд л 41-тэйдээ тулалдсаар л байна. Емельяненко дахиад таван жил дээд зиндаад өрсөлдөх бүрэн бололцоотой, түүний хувьд бүх юм дөнгөж эхэлж байна. Фёдорт архаг хууч гэмтэл байхгүй, тийм учраас одоо зодог тайлах нь буруу юм.

Фёдорын дараагийн тулааныг хаана зохион байгуулах вэ? Оросод зохион байгуулах боломж бий юу?

Оросод зохион байгуулах боломжтой, бид одоо яг үүн дээр ажиллаж байна. Бүх юм бүтвэл энэ намар Москвад юм уу, Санкт-Петербург хотод тэмцээн зохиож, гол тулаанд Фёдорыг оролцуулна.

Энэ тулааныг өөр холбоотой хамтралгүй, зөвхөн M-1 Global-ын хүчээр зохиох уу?

Яг тийм. Бид тэмцээнийг өөрийн хүчээр зохион байгуулна. Өнөөгийн зах зээлд хамтраад ажиллачихаар байгууллага алга, өнөөх Strikeforce л гэхэд Zuffa-гийн мэдэлд орсноосоо хойш мөхөж, сэхэл авахааргүй боллоо. Тамирчдыг хайр найргүй халж сольж байгаа нь бүгд Дана Уайтын хийж байгаа ажил. Түүнд компанийг шууд татан буулгачих эрх байхгүй ч тэрээр, дампуурахад хүргэх бүх нөхцлийг бүрдүүлж чадах хүн. Дампууруулах ажлаа ч сайн хийж байгаа. Харин бид бол өөрийнхөө үйл ажиллагааг өргөтгөх өөр замыг сонгосон, Showtime телевиз бидний энэ ажлыг дэмжиж байгаа. Showtime Оросод болох Фёдорын тулааныг нэвтрүүлэх төлөвтэй байгаа.

Фёдорын өрсөлдөгчөөр хэнийг сонгох гэж байна?

Өрсөлдөгч олон бий. Миний хувьд гэвэл, PRIDE-ын үеийн шилдэг тамирчин байвал зүгээр юм уу гэж бодож байна. Тухайлбал, Кэвин Рэндлман шиг нэртэй бөгөөд өрсөлдөх чадвар сайтай тулаанч. Ямар ч байсан дэлхийд нэртэй, сайн тамирчинг сонгоно.

Фёдор чансаа ахиулах нэг-хоёр тулаан хийж, эргээд дээд зиндаад эргэн ирэхийг америкийн телевизүүд хүсэж хүлээж байгаа байх...

Тийм ээ, тэд үүнийг л хүсч байгаа, бид ч мөн адил. Оросод тулаан зохион байгуулахаас гадна Фёдорыг Японд шинэ жилийн үдшийн тулаанд оролцуулах талаар тохиролцоонд хүрч чадна гэж найдаж байна. Бүх юм санаснаар болж өнгөрвөл 2012 онд АНУ-ад эргэн очино. Эдгээр шийдлүүд дөнгөж боловсруулах шатанд яваа, гэвч яг ийм дэс дараагаар ирэх онтой золгохоор ажиллаж байна.


Showtime-тай хийсэн гэрээнд өөрчлөлт орох төлөв бий юу, хэрэв бий бол хэр том өөрчлөлтүүд орох вэ?

Showtime-тай, Фёдорын 3+1 тулааныг үзүүлэх гэрээ байгуулсан. Фёдор дараалан Хоёр тулаанд ялагдвал гэрээнд өөрчлөлт оруулж болох заалт бий, одоогоор гэрээг түр зогсоогоод байгаа. Энэ бол байдаг л зүйл. Showtime ТВ-ийнхэн гэрээнд зарим нэг өөрчлөлт оруулах санаачлага гаргах нь ойлгомжтой. Гэвч бидний хамтын ажиллагаа үүгээр дуусахгүй. Showtime-ынхан Фёдорын Оросод хийх тулааныг цацах гэж байгаа нь миний хэлсэн бүхний хамгийн том баталгаа юм. Энэ бол нүсэр том болоод өртөг ихтэй төсөл, уг төсөл бидний хамтын ажиллагааг цоо шинэ түвшинд гаргах болов уу.

Шүтэн бишрэгчдийн үзэж буйгаар, Эх Орондоо тулалдах нь Фёдорт давуу талтай - төрсөн нутгийн газар зөөлөн гэдгээс гадна, онгоцоор удаан нисэх шаардлагагүй, тухайн орны уур амьсгалд дасан зохицох хугацаа шаардагдахгүй гээд олон давуу тайлтай гэх юм...

Санал нэг байна. Фёдорын дараагийн тулааныг Оросод зохион байгуулах болсон шалтгааны нэг бол энэ. Цаг хугацааны солигдолд дасан зохицох гэж санаа зовох хэрэггүй болно. Фёдор чансаа ахиулах хоёр тулаан хийж, ялалтын амтыг дахин нэг амтлаад АНУ-ад эргэн очиж "тооцоо хийх" хэрэгтэй. Фёдорт энэ бүхнийг даван туулах чадал бий гэдэгт итгэлтэй байна. Хамгийн гол нь багаас эхэлж, аажмаар эргээд өндөрлөгт гарах нь чухал.


Таныхаар, тулааны нөхцлийг өөрчилбөл болоод явчихна гэж үү? Бэлтгэлийн аргачлалаа өөрчлөх, шинэчлэх тал дээр юу гэх вэ, энэ асуудалд томоохон өөчлөлт хийх шаардлагатай бус уу?

Орвонгоор нь бүхнийг өөчлөх шаардлага байхгүй. Тулаанд бэлтгэхдээ бэлтгэлийн нөхцлийг өөрчилж байх нь чухал, өөр өөр клубт очиж олон тамирчидтай спарринг хийж, туршлага солилцох хэрэгтэй. Магадгүй, тулааны арга барилаа жаахан өөрчилж болох юм. Хэндерсон бэлтгэлийн тал дээр тусалъя гэсэн, тийм учраас сонголт байна, одоо төлөвлөсөн бүхнээ амьдралд хэрэгжүүлэх л үлдлээ. Тулаанч хүн үргэлж өсөж дэвжиж байх нь чухал, тэгэхээ больсон бол үе нь өнгөрсөнтэй л адил. Энэ асуудал дасгалжуулагч нарт ч хамаатай. ММА зогсолтгүй хөгжиж байна, тэгэхлээр энэ үйл явцад оролцож байгаа хэн бүхэн цаг үетэйгээ хөл нийлүүлж алхах ёстой юм.

Зарим мэргэжилтнүүд, Фёдор дасгалжуулагч нараа солих хэрэгтэй гэдэг. Тэр дундаа Фёдорын дүү Александр Емельяненко одоогийн дасгалжуулагч Владимир Воронов, Александр Мичков нарыг тун ширүүхэн шүүмжилсэн...

Мэдэхгүй ээ, би энэ асуудлыг авч хэлэлцэж байгаагүй. Би тулааны аль нэг спортын мастер биш болохоор Фёдорын дасгалжуулагч нарт үнэлэлт өгөхөд үнэндээ бэрх байна. Би дасгалжуулагч нарын ажилд хөндлөнгөөс оролцохгүй байхыг хичээдэг, зөвхөн дэмжигч хүний хувиар зарим нэг санаа оноогоо хэлдэг, нарийн ширийн юманд хошуу дүрдэггүй. Гэвч тодорхой зүйлүүдийг өөрчлөх шаардлагатай гэдэг нь ойлгомжтой байна.


Вадим, Та Фёдорын менежерээс гадна дотных нь анд нөхөр... Фёдорт сүсэг бишрэл нь тушаа болоод байгаа юм биш үү?

Тэгэж бодохгүй байна. Сүсэг бишрэл нь түүнд хүч өгч, сахилга баттай байлгадаг. Би Фёдорыг сайн мэднэ, тэрээр сүсэглэж эхэлснээсээ хойш тулаанчийнхаа хувьд илүү сайн болсон. Фёдорын асуудал бол шашин биш өөр зүйл, магадгүй тэрээр дэндүү зөв боловсон байх гэж хичээдэгтэй холбоотой байх. Жишээ нь, тулаанд бэлтгэх хугацаанд мацаг барих хугацаа таарвал Фёдор ёсчлон дагадаг, тэгэхлээр, бие нь шаардлагатай илчлэг, эрдэс бодисыг авч чадахгүй гэсэн үг. Бие организмд дутагдаж байгаа амин дэм, эрдсийг нөхөх зөндөө олон хууль ёсны эм бэлдмэл байдаг. Гэвч Фёдор тэдгээр бэлдмэлийг хэрэглэхээс зарчмын хувьд татгалздаг. Эцэст нь Фёдор тулаанд байвал зохих тэр хэмжээндээ орж чаддаггүй, гэтэл Хэндерсоны хувьд тэр тал дээр бүх юм нь жин тан байдаг.

Фёдор ойрын ирээдүйд юу хийх төлөвлөгөөтэй байгаа вэ?

Сарын хугацаанд амарч, гэр бүлийнхэнтэйгээ байна. Эхнэр нь хүндхэн амаржсан, тэнхрээгүй байгаа. Бурхны ивээлээр одоо бүх юм зүгээр байна, охин нь эрүүл төрсөн. 9-р сард Фёдорыг Холландад аваачхаар төлөвлөж байна. Холландад сэргээх цугларалт хийх шаардлагатай гэж бодож байна. Тэнд цагийг үр ашигтай өнгөрөөж, суурьтайхан бэлтгэхэд бүх нөхцөл бий.

9 comments:

  1. Энэ Фёдор бүтэхээ байжээ. Аль Хэндерсонтой тулалдахаас өмнө бэлтгэлийн дэг журмаа өөрчлөх шаардлагатай юу гэж асуугаад байхад нэг их шаардлага байхгүй л гээд байсан. Бас энэ шашин, лам ч бас юүвдээ. Мацгаа ёсчлон барьдаг ч гэх шиг. Хендерсонд ялагдсаны дараа бас л асуухад бас л нөгөө хариулт хэвээрээ!?!

    ReplyDelete
  2. Хэлээд юу гэхэв, дүгнэлт хийсэн юм юу ч алга шив. Сүүлийн үед нэтэд юу л байна - Фёдорын ярилцлага байна, асууж байгаа нь улиг болсон юмаа асуух юм, хариулж байгаа нь ч нөгөө улиг болсон юмаа давтаад... Уншихаас ч дургүй хүрмээр...

    ReplyDelete
  3. Dana uneheer bantan hutgaj bnadaa. Feodort muu.Alistariig halsan ug ni uneheer huchtei sain tamirchid shuu

    ReplyDelete
  4. fuck dana muu amilsan tojigo

    ReplyDelete
  5. fedor urgelj 1 d bna

    ReplyDelete
  6. Фёдор нэгд байж чадахгүй байна аа... Сүүлийн үед тувт л ялагдлаа. Хэрэг алга.

    ReplyDelete
  7. Дана Уайт жилд 25 орчим дээд зэргийн тэмцээн зохиож биднийгээ баясгаж байна шүү дээ. Энэ хүнийг арай ингэж болохгүй ээ.

    ReplyDelete
  8. adminaa id-ga ugchix yum asuuyaa

    ReplyDelete
  9. fedor brock lensar 2 tulaaniig neg harchih yumsan :

    ReplyDelete