2011/08/03

AIBA хүрээгээ тэлж мэргэжлийн боксыг хамаарах болно

Олон Улсын Сонирхогчийн Боксын Нэгдсэн Холбоо (AIBA)-ны ерөнхийлөгч Чин Куо Вүгийн мэдэгдсэнээр, тус холбоо нь сонирхогчийн боксоос гадна мэргэжлийн боксын тэмцээн зохион байгуулдаг болох юм байна. Тэрээр Дэлхийн Боксын Цуврал (WSB)-аас мэргэжлийн боксын дүрэмд ойртуулсан дүрмээр зохиосон багийн цуврал тэмцээн амжилттай болж өнгөрснийг цохон тэмдэглэж, AIBA-гийн Мэргэжлийн боксын хөтөлбөр (AIBA Professional Boxing program буюу APB холбоо)-ийг цоо шинээр бий болгосон гэлээ. Ерөнхийлөгч Чин Куо Вүгийн албан ёсны мэдэгдэлд: "Миний бие AIBA-г зүгээр нэг олон холбоодын нэг бус, харин энэхүү спортын манлай байгууллага болгох зорилт тавьж, AIBA-гийн шинэ жигүүр дор мэргэжлийн боксын хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байна" гэжээ.




Мэргэжлийн боксын хөтөлбөрийг хэрэгжүүлснээр AIBA нь боксчин тус бүрийн статусыг үл харгалзан, тэдгээрийг бүгдийг нь анхаарч, санаа тавих боломжтой болж, боксын нэр хүнд бүхэлдээ өсч, энэ спортыг дэлхий даяар хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө мөнгө орж ирэх шинэ сувгууд бий болох аж. Шинэ нөхцөлд Холбооны үйл ажиллагааг санхүүжүүлэх үүрэг бүхий Маркетингийн хувийн алба (Boxing Marketing Arm буюу BMA)-ыг байгуулж, тэр нь APB-ийн хүрээнд болох бүхий л тэмцээнийг зохион байгуулж, бүх боксчдын үндсэн менежментийг хариуцна. Үүнээс гадна Маркетингийн алба нь AIBA-гаас зохиох сонирхогчийн болоод мэргэжлийн гээд бүх тэмцээний эрхийг худалдах, Хөтөлбөрийг санхүүжүүлэх чиг үүргүүдийг гүйцэтгэх юм байна.


APB-ийн боксчдыг чансаагаар нь: 1.Дэлхийн; 2.Тивийн; 3.Үндэсний гэж ангилаад Дэлхийн чансаанд жин тус бүрийн шилдэг 20 боксчин, Тивийн чансаанд 21-50, Үндэсний буюу тухайн улсын чансаанд 51-ээс хойш жагсч байгаа боксчдыг тус тус эрэмблэх аж. Дэлхийн чансаанд багтах эхний 20 тамирчдын чансаа ахиулах тулаан 10, Аваргын цолны төлөөх тулаан 12 раундтай байна.


Үүнээс гадна сонирхогчийн хийгээд мэргэжлийн хөтөлбөр дэх тэмцээний дүрэмд өөрчлөлт оруулж, WSB болон APB холбоодын насанд хүрэгчдийн ангилалд дуулга өмсөхийг хориглох ажээ. Ингэхдээ эмэгтэйчүүд болоод өсвөрийнхөнд энэ өөрчөлт хамаарахгүй. АРВ хөтөлбөр хэрэгжиж эхлэхээс буюу 2013 оноос эхэлж сонирхогчийн ч, мэргэжлийн ч тэмцээнийг мэргэжлийн боксын дүрэмд ойртуулсан WSB холбооны дүрмээр шүүнэ. Өөрөөр хэлбэл, раунд тус бүрт хажуугийн гурван шүүгч ялагчийг тодруулж, ялсан талд 10, ялагдсанд нь 9, 8 эсхүл 7 оноо өгч байх юм байна.


АРВ-гийн тэмцээнд 19-40 насны сонирхогчийн бүх боксчид орж болно, Хөтөлбөрийг түргэн, үр дүнтэй хэрэгжүүлэх үүднээс хэрэгжилтийн эхний шатнаас эхэлж зарим нэг хязгаарлалттайгаар мэргэжлийн боксчдыг оролцохыг зөшөөрөх юм байна. Түүнчлэн АРВ-гийн боксчдыг мөн л зарим нэг хязгаарлалттайгаар Олимпийн Наадамд орохыг зөвшөөрөх бөгөөд эхний Олипийн Наадам нь 2016 онд Бразилд зохиогдох наадам болох бололтой.

No comments:

Post a Comment