YouTube сайтад гудамжны зодооны бичлэгээ байршуулж Кимбо Слайс нэрээр олны танил болсон АНУ-ын тулаанч 37 настай Кевин Фергүсон ирэх 8-р сарын 13-нд боксын дүрмээр анхны тулаан хийх болсон билээ. Түүний өрсөлдөгч нь мэргэжлийн боксд 0-1 гэсэн үзүүлэлттэй Жэймс Уэйд гэдэг тамирчин юм байна. Ирэх тулаан болоод өрсөлдөгч тамирчны талаар bloodyelbow.com сайтад Кимбо Слайсын менежер Жаред Шоу:
"Жэймс Шоу Миссури мужийн уугуул, одоогоор боксд 0-1 гэсэн үзүүлэлттэй байгаа боксчин юм. Мэдээж тэрээр 0-2 болохыг юу гэж хүсэхэв. Энэ бол Кимбогийн хувьд бэлтгэл болон боксын чадвахийг нь сорьсон чухал тулаан болно. Кимбо ямар ч бэртэл гэмтэлгүй, өмнөх тулаандаа анхаарлаа төвлөрүүлэн бэлдэж байгаа. Тэрээр маш хүнд цохилттой, тэгээд бас их "өлсгөлөн" байгаа" гэлээ.
Шоу Кимбог үргэлжлүүлж магтаж гарав:
"Хүмүүс Кимбог Баттербин (190 кг жинтэй боксчин Эрик Эшийн рингний нэр) шиг "дөрвөн раундын хаан" (Эрик Эш шиг 4 раундаас илүү тулалдах тэсвэргүй хэмээн жишсэн бололтой) биш, тэрээр зургаан раунд тулалдахыг хараад хүмүүс түүний дөрвөн раундын тулаанч Баттербинтэй зүйрлэхээ болино. Миний хэлсэн бүхнийг Кимбо рингэнд гараад батлана гэдгийг бардам хэлхичхье. Түүгээр барахгүй, Кимбо Слайс бол Дэвид Хэй биш гэдгийг хэлчихье, тэрээр хэнээс ч айж зугтаахгүй, хүнд жинд нэрээ гаргах болно" гэжээ.
Боксд 0-0 гэсэн хувийн амжилттай байгаа Кимбо Слайсыг мэргэжлийн боксын үндсэн холбоодын нэгний аварга байсан хүнтэй зүйрлэж ярих нь хэрээс хэтэрсэн явдал гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Жаред Шоугийн Кимбогийн тухайд хэлсэн үгнээс "Кимбо бол Хэй биш" гэдэг нь л үнэнд дөхөж очих болов уу. Учир нь Кимбо, Хэй шиг болохын тулд тун ч хол байна даа.

No comments:
Post a Comment