Фёдор Емельяненкогийн боксын дасгалжуулагч Александр Мичковын Championat.com сайтад өгсөн ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.
Ф.Емельяненко дасгалжуулагч А.Мичков, В.Воронов нарын хамт
Александр, Та Кисловодск хотод хийсэн бэлтгэлийн үр дүнг ямар болсон гэж дүгнэж байна вэ, бодож төлөвлөсөн бүхнийг амьдралд хэрэгжүүлж чадав уу?
Бүх юм болдгоороо болж өнгөрсөн. Бэлтгэл хийлээ, зөндөө ажиллалаа... Төлөвлөсөн бүхнийг ажил болгож чадсангүй, гэсэн хэдий ч энд хийсэн бэлтгэлд сайн дүн тавина.
Фёдорын өдрийн хуваарь ямар байв?
7:00-д босож, 7:30-д өглөөний дасгал, өглөөний унд, 11:00-д өглөөний бэлтгэл, дараа нь үдийн хоол, унтлагын цаг, 17:00-д оройн бэлтгэл, дараа нь оройн хоол, тэгээд амралтын цаг.
Чөлөөт цагаараа өрсөлдөгч тамирчны тулааны бичлэг үзэж судласан биз дээ?
Федя үзээгүй ээ, гэсэн ч Хендерсоны тулаануудыг санаж байгаа. Видеог дасгалжуулагчдын штаб үзэж судласан.
Бэлтгэл хангагч нар хэн хэн байв, гадаадаас тамирчид ирсэн үү?
Кисловодскт хийсэн бэлтгэлд Фёдор зөвхөн Оросын тамирчидтай ажилласан. Бидэнд Максим Гришин, Кирилл Сидельников, Александр Емельяненко болон бусад тамирчид тусалсан.
Хендерсон бол Фёдороос жингээр бага цөөн хэдэн тамирчдын нэг. Үүнтэй холбоотойгоор бэлтгэлд нь өөрчлөлт оруулсан уу, жишээ нь (Фабрисио) Вердүм, (Антонио) Силва нарт бэлдсэнээс ялгагдахаар онцлог байв уу?
Гойд ялгагдах юм байгаагүй, бүх юм тогтсон хэв маягаар болж өнгөрсөн. Зарим нэг нарийн ширийн юм байсаан, гэвч ерөнхийдөө бол бусад тулаанд хийж байсан бэлтгэлээс ялгагдах содон юм байгаагүй.
Владимир Воронов та хоёр Фёдорын техник болон тактикийн бэлтгэлийг хариуцдаг. Тэгвэл бэлтгэлийн үеэр сэтгэл зүйн бэлтгэлийг нь хэн хариуцдаг юм бэ?
Сэтгэл зүйн бэлтгэлээ Фёдор өөрөө хариуцдаг. Энэ асуудалд тэрээр бидний тусламжаар дутдаггүй. Мэдээж бид ихийг хэлж ярьж, дэмжихийг хичээдэг, гэхдээ тэрээр өөрөө өөрийгөө болгочихдог юм.
Тулаан хүртэл хэдхэн долоо хоног үлдээд байгаа энэ үед сэтгэл санаа нь ямар байгаа вэ?
Сэтгэл санаа нь хэвийн байгаа. Гарч тулалдахад бэлэн гэдэг нь илт байгаа.
Та дасгалжуулагч хүний хувьд бэлтгэлийн үеэр тамирчдад нэмэлт хяналт тавих шаардлага гардаг байх л даа, жишээ нь зарим зүйлийг хязгаарлаж, аль болох сайн амраах гэхчлэнгийн ахуйтай холбоотой асуудлууд...
Ямар ч нэмэлт хяналт тавьдаггүй ээ. Бэлтгэлд гар бие оролцож байгаа бүх залуус өөр өөрсдийн үүргээ сайн ухамсарласан байдаг. Бид тэдэндээ бүрэн итгэж, аль болох бие даалгахыг боддог.
Бэлтгэлийн гол хэсэг ард хоцорлоо, тулаан хүртэл үлдээд байгаа үлдсэн хугацаанд Фёдор ямар бэлтгэл хийх вэ?
Яг одоо бол тэрээр амарч байгаа. Хоёр хоногийн дараа гэхэд бэлтгэлээ дахин хийж эхлэнэ. Үлдсэн хугацаанд засч тохируулах ажлуудыг хийнэ: спаринг, барилдаан г.м.
Ах дүү Кличко нар саяхан Москвад болсон хэвлэлийн бага хуралд Фёдортой тулаан хийхийг сонирхож ярьсан. Таны бодлоор Кличко нар Фёдортой холимог тулааны дүрмээр тулалдвал тэдэнд ялах боломж бий юу?
Ах дүү хоёр холимог тулааны дүрмээр учирвал боломж байхгүй.
Тэгвэл боксын дүрмээр?
Боксын дүрмээр бол боломж Фёдорт байхгүй.


No comments:
Post a Comment