2011/06/22

Фредди Роуч: Хэй ялахын тулд Владимирын өөртөө итгэх итгэлийг нь сулруулах хэрэгтэй

Америкийн нэрт дасгалжуулагч Фредди Роуч IBF, WBO, The Ring холбоодын супер хүнд жингийн аварга Украйны боксчин Владимир Кличко болон WBA холбооны мөн жингийн аварга Английн боксчин Дэвид Хэй нарын дунд болох аваргын цол нэгтгэх тулааны тухайд:

"Дэвид Хэй бол өнөө үед мэргэжлийн боксын хүнд жинд байгаа хамгийн хэрэгтэй хүн, яагаад гэвэл тэрээр энэ тэмцээнд ялалт байгуулах гэж гарч ирж байгаа маш хүнд цохилттой боксчин. Супер хүнд жинд өрсөлдөгчөө нокаутанд оруулдаг ийм тамирчид үгүүлэгдэж байна. Ах дүү Кличко нар бол гайхалтай боксчид, даанч уйтгартай. Тэд эрсдэл гаргаж тоглодоггүй. Боксчин хүн спортыг бодож эрсдэл гаргаж, өөрийгөө 100% зориулж чаддаг байх ёстой, Хэй бол супер хүнд жинг амилуулж мэдэх оч юм."

                                                        Фредди Роуч

Хэй өрсөлдөгчөө буулгаж авахын тулд юу хийх ёстой тухайд:

"Энэ тулаанд Владимир ялах магадлал илүү, түүний давуу байдлыг нь сулруулахын тулд Хэй шууд нэгдүгээр үеэс эхлэж аль болох довтолж, түрэмгийлэх хэрэгтэй. Хэйн хувьд Владимирыг ялах гол түлхүүр бол өөртөө итгэх итгэлийг нь аль болох эрт алдруулах юм. Кличкогийн дотоод тэнцвэрийг алдагдуулах хэрэгтэй. Хэй хамаг хүчээ дайчлаад Владимирыг эртхэн тэвдүүлж чадвал, түүнд их боломж гарч ирнэ. Хэйн хувьд энэ бол шилдэг тактик, тэхдээ хугацаа алдаж болохгүй" гэжээ.

Дашрамд дуулгахад, Фредди Роуч нь маш олон боксчдын авъяасыг нээж алдрын оргилд хүргэсэн гавъяатай дасгалжуулагч бөгөөд, түүний шавь нараас өнөө үед амжилт дүүрэн яваа хамгийн нэртэй боксчин бол жингийн ангиллаас үл хамаарах дэлхийн шилдэг боксчинд тооцогддог Филиппиний тамирчин Мэнни Пакиао юм.

No comments:

Post a Comment