2011/05/24

Ногейра: Шаубыг өчих/боох мэхээр буулгаж авна

Pride FC холбооны хүнд жингийн аварга асан, UFC холбооны хүнд жингийн түр аварга асан Бразил улсын тамирчин 34 настай Минотавр хочит Антонио Родриго Ногейра удтал хагалгаа хийлгэж жил гаруй хугацаанд тулаанаас ангид байж байгаад, саяхнаас 2011.08.27-нд Бразил улсын нийслэл Рио де Жанейро хотод болох UFC 134: Silva vs. Okami тэмцээнд АНУ-ын тамирчин 28 настай Брэндан Шаубтай тулалдахаар болоод байгаа билээ. Родриго Ногейрагийн TATAME.com сайтад өгсөн ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.

                             Силвестр Сталлоне, Антонио Родриго Ногейра



- UFC Rio тэмцээнд тулалдах болсон сэтгэгдлээ хуваалцахгүй юу.

- Манай багийнхан саяхныг хүртэл эмч юу гэж хэлэхийг хүлээж суулаа. Би эмчийгээ ногоон гэрэл өгөхийг хүлээж UFC-ийн хариулт өгөлгүй жаахан хүлээлгэсэн. Эмч намайг үзээд, зүгээр байна, бэлтгэлээ эхлэж болно гэсэн, би бэлтгэлийнхээ үеэр үргэлж эмчийн хяналтанд байх юм. Би жил гаруй хугацаанд тулаанаас ангид байлаа, одоо бэлтгэлдээ шамдан орж, алдсан хурдаа нөхөх хэрэгтэй байна, ер нь бол миний бие зүгээр болсон. Гэхдээ 100% арай биш л дээ. Гол асуудал бол миний тэсвэр, би бэртлээ эдгэхийг удаан хүлээлээ шүү дээ.

- Таны Брэндан Шаубтай хийх тулаан хэрхэн өрнөх бол оо?

- Би бэлтгэлээ хийгээд, мөн, түүний тулаануудыг үзэж байгаа. Тэр боксдоо сайн, мөн, орон зайг сайн мэдэрч ашигладаг юм билээ, гэвч би ч гэсэн цохих техник давтаж байгаа. Би байнга түүнийг унагаах гэж зүтгэхгүй, тулаан ямар ч байдалд өрнөсөн би хийдгээ л хийнэ. Би түүний талаар санаа зовохгүй, харин өөрөө бэлтгэлээ сайтар базаана, би өөртөө итгэлтэй байна. Би хэзээ ч байгаагүй тийм сайн формд орох бодолтой байгаа. Тэр өндөр, туранхай залуу, орон зайг сайн мэдэрдэг, сайн барилддаг, мөн, хүчтэй цохьдог, гэвч би түүнд нь бэлэн байх болно.

- Рио де Жанейрод тулалдана гэдэг Танд ихээхэн эрч хүч, эрмэлзлийг төрүүлж байгаа байх...

- Тэгэлгүй яахав. Би энэ тэмцээнд оролцохоор эмчилгээгээ эрчимжүүлсэн. Риод тулалдахын тулд надаас шалтгаалах бүхнийг л хийлээ. Би Бразилд хэзээ ч тулалдаж байгаагүй. Эх нутагтаа тулалдана гэдэг бол мөрөөдөл маань биелж байгаатай л адил. Их догдолж байна, улсаа Эх Орондоо төлөөлнө гэдэг сайхан хэрэг.

          Бэлтгэлийн дараа булчингуудаа сэргээж цэв хүйтэн усанд сууж байгаа нь

- Одоо биеийн эрүүлдээ хийж байгаа бэлтгэл Тань өмнөх бэлтгэлээсээ ялгаатай байх юм уу?

- Би илүү тэнцвэртэй бөгөөд тэсрэлттэй болж байгаа. Миний ерөнхий эмчийн бичиж өгсөн эмчилгээний дагуу Ангела Кортес эмчээр физик эмчилгээ хийлгэж байгаа. Ангела эмч теннисчин Густавогийн бэртлийг нь илааршуулж өгсөн, үнэхээр сайн эмч. Физик эмчилгээ хийлгэж эхэлснээс хойш бэртэл бараг бүрэн эдгэсэн. Холимог тулааны тамирчид бид их бэртдэг шүү дээ. Энэ эмчилгээг даваагаас бямба гаригийн хооронд өдөрт гурван цагаар хийж байгаа, хагас сарын өмнө долоо хоногийн бүх өдөрт таван цаг хийж байсан. Үүний үр дүнд би илүү хурдан хөдөлдөг болж, санаа зовох зүйгүй болсон.

- Тэгвэл Та хэвтээ тулаанд жиү-жицүгээ ашиглаж чадах нээ?

- Өмнөх тулаанууддаа би бэртэлтэй чигээрээ оролцоод байсан. Тийм болохоор юм юмандаа сайн байж чадаагүй: хөдөлгөөн удаан, хөл гэж мод болчихсон, дээрэс нь аарцаг бэртэлтэй байсан. Ямар ч хурд байхгүй, удаан, хөшингө болчихсон байсан.

- Одоо Та өөрийгөө жиндээ аль хавьцаа байгаа гэж бодож байна?

- Би эргээд дээшээ тэмүүлмээр байна. Сүүлийн тулаанд би аваргад (Кэйн Веласкес) ялагдсан, тэр замдаа таарсан бүгдийг дийлсэн. Намайг олон хүн өмнөх Родриго байхаа больсон гээд болж өгвөл зодчих санаатай явдаг шиг ээ, харин би тулаанаас тулаанд эргээд оргилд гарах болно.

                            Антонио Родриго Ногейра, Жүниор дос Сантос

- Та аваргын цолны төлөө дахин тулалдана гэж боддог уу?

- Тэгэлгүй яахав, боломж бий. Гэхдээ би (Жүниор) дос Сантостой тулалдахгүй. Бусадтай нь бол хэн ч байсан нударга зөрүүлнэ.

- UFC Rio тэмцээний өөр тулааны тухайд ярилцъя, (Юушин) Оками Андерсоныг (Силва) дийлж чадах болов уу?

- Оками бол чанга эр, их ухаалаг, бас солгой, сайн барилддаг, Андерсонтой сайн тулалдаж чадах тулаанчдын нэг. Гэвч Андерсоны авъяасыг давж гарна гэдэг юу л бол. Оками маш эвгүй тактиктай тулгарна, яагаад гэвэл Андерсон үргэлж таны санаагүй тийм үйлдэл хийдэг хүн. Миний бодлоор Оками нокаутаар ялагдана.

                            Ногейра Миркогийн гарт татаж өчиж байгаа нь

- UFC Rio тэмцээнд төлөвлөгдсөн тулаануудаас аль нь тэмцээний шилдэг тулаанаар шалгарах бол оо?

- Миний тулаан шалгарна. Би түүнийг (Брэндан Шауб) өчих/боох мэхээр буулгаж авна. Сайхан тулаан болно. Тэр бол дайчин. Хүнд жинд маш их тэмцэлдээнтэй тулаан болох байх.

- Жүниор дос Сантос, Шэйн Карвин нарын тулаан хэрхэн өрнөх бол оо, юу гэж бодож байна?

- Дос Сантосын хувьд илүү амархан тулаан болно гэж бодож байна, (Брок) Леснартай таарсан бол дор нь орох аюул байсан. Карвин бол том биетэй ч цохилцох дртай тулаанч. Энэ бол бас нэг сонирхол татсан тулаан юм, гэвч Карвин дос Сантосын тоглох хэмнэлийг тэсч гарахгүй, яагаад гэвэл тэр тэсвэр муутай, амархан цуцдаг. Дос Сантос илүү авъяаслаг тулаанч, хэвтээ тулаандаа ч илүү сайн. Энэ тулааныг үзэхийг их хүсч байна. Карвин бол хэцүү өрсөлдөгч, чанга эр, гэвч ажиллах чадвар сул. Миний бодлоор Жүниор түүнийг арчаад хаяна.

                              Ногейрагийн тулааны эгзэгтэй агшны түүвэр

No comments:

Post a Comment