2011/05/27

Брок Леснар өөрийн эрүүл мэнд, Фрэнк Мир болон Шейн Карвин нарын тухайд

UFC холбооны хүнд жингийн аварга асан АНУ-ын тамирчин 33 настай Брок Леснар The Fight Show with Mauro Ranallo шоунд оролцож зарим нэг асуултад хариулсныг хүргэж байна.

                                                        Брок Леснар



Раналло: Брок, Та цаашид яах бодолтой байна вэ? Та энэ долоо хоногт эмчид үзүүлэх үү, ирээдүйд Брок Леснарыг ММА тамирчных нь хувьд юу хүлээж байна вэ?

Леснар: Мэдээж би сэтгэл их гонсгор байна. Зөвхөн сэтгэлзүйн хувьд ч биш, биеийн хувьд ч маш зовиуртай байгаа, анх 2009 онд энэ дивертикулит гэдэг өвчнөөс минь болж миний тулаан хойшилж байсныг Та бүхэн мэдэж байгаа байх. Тулаанаас зайлсхийдэг тамирчин гэж байдаггүй, ямар ч байсан би тийм биш, өмнө нь өвдөж байсан өвчин маань сэдэрч хамаг урам хугаллаа, уул нь эмчилчихлээ гэж бодож байсан юмсан. Эрүүл мэнд бол хамгийн чухал, пүрэв гаригт би өөр эмчид үзүүлж цаашид хэрхэн эмчлэх шийд гарна, хагалгаанд орж ч магадгүй, үгүй ч байж магадгүй. Өвчнийг эмчлэх өөр арга зам байгаа бол түүнийг ч сонгож мэднэ, гэхдээ миний хувьд бол найман өнцөгтдөө аль болох эрт очмоор байна.

Раналло: Та хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, холимог тулааны карьераа дуусгах бодолгүй байна гэсэн байх аа?

Леснар: Үгүй ээ, дуусгахгүй. Би хагалгаанд орж магадгүй байгаа ч тэр нь зодог тайлахад хүргэхээр хагалгаа биш юм, ойрын хугацаанд хагалгаанд орохгүйгээр биеэ эмчлэх арга хувилбар сонгох эсэхийг шийдэх юм. Дивертикулитаас болж би хоолны дэглэм барьж байгаа, түүнийгээ дахин өөрчилж магадгүй, ер нь бол найман өнцөгтдөө аль болох эрт эргэж очихын тулд боломжтой бүхий л арга хувилбарыг эрэлхийлж байна.

Раналло: Жүниор дос Сантос, Шейн Карвин хоёрын аль нь дийлэх бол?

Леснар: Карвин хүссэн аргаараа ялна.

Раналло: Та Фрэнк Мирийг үзэн яддаг уу?

(10-аад секунд инээснээ)

Леснар: Ямар ч байсан маргааш бид хоёр явж загасчлахгүй нь лавтай. Үүнийг ингээд орхиё.


Дивертикулит гэдэг нь нарийн гэдсийг цоорч тасархад хүргэж болзошгүй халдварт өвчин юм байна.

Дашрамд дуулгахад, 2009.10.26-нд анх тухайн үед онош нь үл мэдэгдэх өвчний улмаас Брок Леснар аваргын цолоо хамгаалах тулаанд Шейн Карвинтай учрах боломжгүй болсон тухай зарлагдаж, цол хамгаалах тулааныг 2010 оны эхээр UFC 108 тэмцээний хүрээнд зохион байгуулахаар хойшлуулж байсан билээ. Гэвч Леснарын туссан дивертикулит өвчнийг эмчлэхийн тулд илүү их хугацаа шаардлагатай болох нь тодорхой болж UFC 108-д болохоор төлөвлөсөн цол хамгаалах тулааныг ч мөн адил цуцалсан юм. Аваргын эмчилгээ удаашрах төлөвтэй, хэзээ эдгэх нь тодорхойгүй байсан учраас 2010.03.27-нд UFC 111 тэмцээнд Фрэнк Мир, Шейн Карвин нар UFC холбооны хүнд жингийн түр аваргын цолны төлөө өрсөлдөж, Карвин ялснаар түр аваргын бүсний эзэн болж байжээ. Эцэст нь Леснар эдгэж Леснар, Карвин нар хооронд UFC холбооны хүнд жингийн (үндсэн) аваргын цолны төлөө тулалдаж, тэмцээний хоёрдугаар үед Леснар гар холбож боох мэхээр ялалт байгуулж цолоо амжиллттай хамгаалсан ч, өнгөрөгч оны 10-р сарын 23-нд болсон дараачийн цол хамгаалах тулаандаа Кейн Веласкест тэмцээний 1-р үед ТКО-аар ялагдаж бүсээ алдсан юм.

Брок Леснар UFC 131 тэмцээний гол тулаанд The Ultimate Fighter реалити шоунд өрсөлдөгч багийг дасгалжуулсан Бразил улсын тамирчин Жүниор дос Сантостой аваргын цол горилох эрхийн төлөө учирч тулалдах байсан ч хэлж ирдэггүй хийсч ирдэг гайнаас болж дахин хэзээ спортдоо эргэн ирэх нь ийн тодорхойгүй боллоо. Брок Леснар тэмцээнээс хасагдсанаар оронд нь Шейн Карвин дос Сантостой тулалдахаар болоод байгаа юм.

No comments:

Post a Comment