Бразил жиү-жицү бөхийн мастер Бразил улсын тамирчин 33 настай Демиан Майа аваргын цол горилох тулаанд Андерсон Силвад ялагдсанаасаа хойш даараалан хоёр тулаанд ялалт байгуулж, одоогоор Канад улсад болохоор төлөвлөгдөөд байгаа UFC 131 тэмцээнд филиппин гаралтай Америк улсын тамирчин 33 настай Марк Муньозтой учрахаар бэлтгэлээ базааж байгаа билээ. Майагийн TATAME.com сайтад өгсөн ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.
Демиан Майа
- Марк Муньозтой хийх тулаанд хийж буй бэлтгэлийн эцсийн шат хэрхэн өрнөж байна даа?
- Бэлтгэлийн сүүлчийн шат ердийн адил Сальвадорт маш эрчимтэй өрнөж байна. Канад руу шууд Бахио хотоос ниснэ.
- Муньоз өрсөлдөгчөө унагааж, дээрээс нь балбаж гүйцээхдээ сайн. Таныг хэвтээ тулаанд гаргууд гэдгийг мэдсээр байж унагаах гэж оролдох болов уу, юу гэж бодож байна?
- Түүнд миний эсрэг хоёр арга бий: нэг бол босоогоос тулалдах, үгүй бол унагааж байгаад дээрээс угсруулж цохиж гүйцээх, тэр байнга тэгдэг л дээ. Чухам яахыг нь би мэдэхгүй, би юм бүхэнд бэлэн байхын тулд бэлтгэлээ сайн хийж байгаа.
- Таны, хэвтээд доороос тулалдах арга барил чинь энэ тулаанд хэр таарах бол оо?
- Доор орсон байрлал надад маш эвтэйхэн байдаг. Би тэр талын бэлтгэл хийсэн, би жиү-жицүгээр олон жил хичээллэж байна, жиү-жицүгийн гол ялгаа нь доороос ажиллаж байгаа үед нүүрэндээ цохиулчих вий гэж санаа зовох зүйл байдаггүйд л оршдог юм ш дээ.
Жейсон МакДоналдыг араас боож байгаа нь
- Босоо тулаан болон босоо барилдааны бэлтгэл хэр хийв?
- Би үргэлж босоо тулаан, жиү-жицү болон босоо барилдааны техник давтдаг, энэ удаад ч мөн адил. Би хэд хэдэн удаа АНУ-ад очиж босоо барилдааны бэлтгэл хийсэн. Ер нь бол би босоо барилдааны бэлтгэлийг үргэлж хийдэг, учир нь босоо барилдаан гэдэг чинь жиү-жицүгийн нэг хэсэг юм шүү дээ. Өөрөөр хэлбэл, би жиү-жицү давтахдаа босоо барилдааныг мөн адилхан давтдаг, тэгэхгүй бол би өрсөлдөгчөө хэрхэн хэвтээ тулаанд шилжүүлэх билээ дээ.
- Олон хүн Таныг Русимар Пальярестай тулалдахыг үзэхийг хүсдэг, Та энэ тулааны талаар бодож үзэв үү?
- Үгүй. Пальяресийн тухайд, сүүлийн тулаанаа хэзээ хийсэн, дараагийн тулаан нь хэзээ болох, бэртэлтэй эсэх гээд надад мэдэх зүйл ер алга. Бид хоёр ойрын ирээдүйд нударга зөрүүлэхгүй нь лав.
- Та энэ тулаандаа ялвал аваргын цолны төлөөх тулаанд хэр ойртох бол?
- Ойртох л байх, гэхдээ би үүнд санаа зовдоггүй. Би ирэх тулаанд л анхаарлаа төвлөрүүлээд байгаа, бүх бодол маань Муньоз дээр л төвлөрөөд байна даа.
- Муньоз Таны хувьд өмнө нь дийлж байсан Кендолл Гровыг бодвол илүү бэрх даваа юу?
- Тийм ээ, илүү бэрх даваа. Тэр сүүлийн хоёр тулаандаа дараалж ялаад байгаа, Окамид ялагдсан хэдий ч маш сайн тулалдсан, тэр гарцаагүй шилдэг тулаанчдын нэг. Муньоз Америкийн чөлөөт бөхийн аварга хүн, тэгэхлээр тэр хүн гартаа авсан аливаа бүхний үр дүнг харж байж санаа нь амардаг гэсэн үг... Би Кендолл Гровыг шүүгчдийн саналаар ялж байсан бол Муньоз түүнийг нам цохьсон юм ш дээ, Муньоз бол маргаан байхгүй олны хүндэтгэлийг хүлээсэн тамирчин, тэрээр миний хувьд ёстой л нэг хэцүү даваа.
Талес Летъес, Демиан Майа, Витор Рибейро, Фабрисио Вердүм
- Олон хүн Таныг хагас дунд жин рүү бууж, аваргын цолны төлөө Сэнт-Пьерртэй тулалдвал яасан юм гэж ярьдаг. Та энэ тадаар бодолцож үзэв үү? Таны хувьд хагас дунд жин хүртэл жин хасахад төвөгшөөх зүйл байна уу?
- Жингийн тухайд надад олон хүн хэлж байсан болохоор мэдээж бодож үзсэн, гэхдээ нухацтай авч үзэж байгаагүй ээ. Би өөрийн байгалийн жиндээ аварга болохыг хүсдэг. Юмыг яаж мэдэх вэ, хэзээ нэгэн цагт... Харж байж л болъё.
- Ирэх тулаанаас бразил шүтэн бишрэгчид Тань юуг олж харах вэ?
- Би өмнө нь байснаасаа илүү төгс болсныг харна, түүнчлэн миний зэвсэглэлд олон шинэ зэвсэг нэмэгдсэнийг олж харах байх. Гэхдээ тэглээ гээд шаал ондоо арга барил харуулах нь юу юм, ямар ч байсан надад олон шинэ зэвсэг бий, тулаандаа тэднийгээ ашиглахыг л бодно доо.
Демиан Майа. UFC дэх бразил жиү-жицү бөхийн гайхамшиг

No comments:
Post a Comment