Холимог тулааны хүнд жингийн домогт тамирчин Фёдор Емельяненкогийн Mixfight.nl сайтад өгсөн ярилцлагыг хүргэж байна. Тэрээр одоо Холланд улсад бэлтгэл хийж байгаа бөгөөд, энэхүү ярилцлагадаа ямар учраас бэлтгэл хийхээр чухам Холландыг сонгосон, яагаад Антонио Силвад ялагдсан талаар ярилцлаа.
Фёдор, Та Mixfight.nl сайтад ярилцлага өгөх зав гаргасанд баярлалаа. Та Нидерландад ирж хэд хэдэн заалалнд бэлтгэл хийгээд долоо хонолоо. Танд Нидерландад бэлтгэл хйих ямар байна?
Би Нидерланд улстай их сайхан харьцаатай. Энд би олон найзтай, тэд надад бэлтгэл дээр их тус болж байгаа. Апи Экхтелд, Йохем Бос, Петер Тайссен, Ремко Пардоэл, Берт Копс гээд олон хүн бий... Би эдгээр хүмүүсийн нөхөрлөлийг үнэлдэг, тэднийхээ надад хүлээлгэсэн итгэл найдварыг бататгаж, аль болох их юмд суралцмаар байна.
Нидерландад бэлтгэл хийх, Старый Осколд бэлтгэл хийхээс юугаараа ялгаатай байна? Холландчууд муай тай болон босоо техникээрээ алдартай. Та энд босоо техникээ сайжруулах бодолтой байна уу?
Харамсалтай нь Оросод муай тайн өндөр зэрэглэлийн тулаанч одоогоор алга. Тийм учраас бид энд ирж бэлтгэл хийж, аль болох удахыг бодож байна. Энд бэлтгэлийн шинэ арга барилд суралцаж, буцаад Старый Осколд очихдоо сурсан зүйлээ үргэлжлүүлэн давтах болно.
2-р сард Та Антонио Силватай тулалдсан. Өрсөлдөгч Тань илүү их жинтэй, том биетэй болохоор Танд их хэцүү байх шиг санагдсан. Таны ялагдлын шалтгаан юунд байв?
Би тэгэж бодохгүй байна, миний ялагдсан шалтгаан өрсөлдөгчийн овор хэмжээ болон жинтэй холбоогүй. Энэ бол тулаан шүү дээ, юу ч болж болно. Би тулааны төлөвлөгөөгөө хэрэгжүүлж чадаагүйд л хамаг учир байгаа болохоос, жин энэ тэр ямар ч хамаагүй.
Сүсэглэгч багш тэмцээний үеэр хажууд Тань байгаагүй болохоор, Та сэтгэл гонсгор байсан гэж дуулдсан юм байна. Энэ үнэн үү?
Энэ бол худлаа цуурхал. Багш маань надтай цуг байсан.
Та жин хасч, хагас хүнд жинд орох талаар бодож байгаа юу? Аваргын цолны төлөө Дэн Хэндерсонтой учрах боломжтой юу?
Би энэ тухайд өөрийн менежер Вадимом Финкельштейнтэй ярилцсан. Гэвч миний мэдэхээр Strikeforce-оос ямар ч санал ирээгүй.
Антонио Силватай хийсэн тулааны дараа Та зодог тайлж магадгүй гэсэн. Одоо Та бэлтгэлээ үргэлжлүүлж, ихээхэн эрмэлзэлтэй байгаа. Зодог тайлах тухай хэлсэн зүйлийнхээ талаар одоо юу гэж бодож байна?
Антонио Силвад ялагдсан тэр үед сэтгэл гонсойсон. Зориг мохсон юм биш л дээ, би зүгээр тухайн үед юу бодогдсон - түүнээ л хэлсэн. Оросд эргэж ирээд би менежер болон сүсэглэгч багштайгаа ярилцаад, тулаанаа үргэлжлүүлэхээр шийдсэн.
Та зодог тайлвал цаашид юу хийх талаар бодсон уу? Танд улстөрч, эсвэл кино жүжигчин болох бодол бий юу?
Энэ мөчид би тулалдах л бодолтой байна. Өөр карьер хөөцөлдөх бодол одоогоор алга. Жүжигчний карьер надад зохихгүй юм шиг санагдсан. Ирээдүйд би бусдад тус хүргэхийг зорино. Бүх зүйл Бурхны гарт, Бурхан миний цаашдын замнал ямар байхыг мэднэ.
Танд кинонд тоглох таалагдав уу?
Сонирхолтой байсан. Кино урлагийн талаар олон зүйлийг мэдэж авсан, гэвч кино бол миний хийх зүйл биш. Кинонд тоглох зугаатай санагдсан, гэхдээ цаашид би кино урлагт өөрийгөө зориулна гэж бодохгүй байна.
Strikeforce-ыг Zuffa компани худалдаж авсан тухайд ямар бодолтой байна? Ийм юм болно гэж бодож байв уу? Тэр тухайд M-1-ийнхэн мэдэж байсан уу?
Strikeforce-ын хүнд жингийн гран при тэмцээн үргэлжилж, тамирчид уг холбоонд хийх тулаанаа үргэлжлүүлнэ. Би бол тулаанч, тулааны асуудалд л анхаарлаа төвлөрүүлдэг, бусад асуудлыг миний менежер хариуцдаг.
Та тэр тухай мэдээг сонсоод гайхсан уу?
Би нээх их гайхаагүй. Би зодолдох чадвартай байгаа л бол хаана, ямар байгууллагад зодолдох нь хамаагүй.
Та бэлтгэлээсээ гадна юу хийдэг вэ?
Хамгийн гол нь боломжийнхоо хэрээр гэр бүлийнхнийхээ дэргэд байхыг боддог. Одоо би байшин барьж байгаа, үүнд бас нилээн цаг зав гаргах хэрэгтэй болдог.
Дүү Александр Тань хамт хамт бэлтгэл хийдэг үү? Миний харснаар Тантай Кирилл (Сидельников) болон Red Devil клубын зарим тамирчид ирсэн байна.
Александр дараагийнхаа тулаанд ууланд гарч бэлтгэл хийж байгаа. 4-р сарын сүүлээр тэмцээнд орох гээд бэлтгэлээ базааж байгаа.
Та дахиж Нидерландад ирвэл Александрыг авч ирэх үү?
Бололгүй яахав. Тэрээр энэ удаад цуг ирэх хүсэлтэй байсан, даанч бүтээгүй.
Иван, Фёдор, Александр Емельяненко нар
Та өөрийнхөө аль тулааныг хамгийн шилдэг нь гэж боддог вэ?
Хариулахад хэцүү л юм, хэцүү асуулт байна. Би бүх тулаанд хамаг бүхнээ шавхаж бэлтгэдэг. Энэ асуултад миний шүтэн бишрэгчид хариулаг.
Даага нэхэх боломж олдвол Та хэнийг сонгох вэ?
Антонио Силва юм уу, Фабрисио Вердүмийг сонгоно.
No comments:
Post a Comment