LA Times-ын холимог тулааны спортын сурвалжлагч Лоретте Хантын олж мэдсэнээр, Zuffa компани Strikeforce холбоог 40 орчим сая доллараар худалдаж авчээ. 40 сая гэдэг нь ойролцоо тоо бөгөөд худалдах - худалдан авах гэрээний бодит үнэ хэзээ ч зарлагдахгүй болов уу гэдгийг дурьдах нь зөв байх. Хантын мэдэгдэж байгаагаар, 2010 оны 12-р сард Zuffa Strikeforce-ыг худалдан авах оролдлого хийж байсан ч бүтэлгүйтэж байжээ.
Уг худалдан авалтын талаар ESPN сувгийн сурвалжлагч Жош Гросс дараах хоёр зүйлийг тодруулжээ:
1. Strikeforce нь өөрийн тэмцээнийг телевизээр цацах зорилгоор ShowTime сувагтай хийсэн гэрээ нь 2012 он хүртэл хүчинтэй байна. Энэ хугацаа дуустал Strikeforce холбооны үйл ажиллагаанд Zuffa онцын өөрчлөлт оруулахгүй юм байна.
Strikeforce-ын ерөнхийлөгч Скотт Кокер (голд) Жина Карано, Кристиан Сантос нарын хамт
2. Strikeforce-ын ерөнхийлөгч Скотт Кокер холбоогоо худалдах бодолгүй байсан ч сүүлийн үед санхүүгийн бэрхшээл ихээр хуримтлагдаж компанийг дампуурахад хүргэх аюул нүүрлээд байсан ажээ. Strikeforce-ыг дампуурахаас сэргийлж түншүүд нь ятгаснаар Скотт аргагүйн эрхэнд худалдах - худалдан авах гэрээнд гарын үсэг зурах болжээ.
Дашрамд дуулгахад, Zuffa-гийн захирал Лорензо Фертиттагийн Twitter-т хийсэн тэмдэглэл ёсоор бол цаашид Strikeforce-ын тэмцээнүүд UFC-ийнхтэй адил дүрмээр зохиогдох юм байна. Ингсэнээр, хэвтээ тулаанд дээр нь байгаа тамирчин доор нь орсон өрсөлдөгчийнхөө толгой тус газар тохойлдож болохоор болж байгаа юм. Энэ өөрчлөлт хийгдэх хүртэл Strikeforce-д хэвтээ байдалд байгаа өрсөлдөгчийн толгой руу тохойлдох үйлдэл хориотой байсан юм.
No comments:
Post a Comment