Facebook дэх "Холимог Тулааны Цахим Клуб" бүлгэмийн гишүүдээс Монголын шилдэг ММА тамирчин Ж.Нарантунгалагт хаягласан асуултуудын хариуг нийтэлж байна.
Зургийг Ж.Нарантунгалагийн хувийн архиваас ©
Гаанаа Ганаа: Та үнэхээр сайн тамирчин шүү. Даага нэхэх тулаан хэзээ, хаана болох юм бол оо? Та зодог тайлах болоогүй биз дээ? 40 нас бол ММА-ын хувьд залуу нас шүү, та дор хаяж таван жил тулалдаарай. Таны тулааныг үзэхэд үнэхээр монгол хүн гэж ямар байдгийг харуулж чаддаг шүү. Танд амжилт хүсье! Заавал бүсээ аваарай!
Ж.Нарантунгалаг: Намайг дэмжиж, урам өгч байгаа та бүхэндээ их баярлалаа. Дараагийн тулааныг хаана, хэнтэй хийхийг сайн мэдэхгүй байна аа. Тэмцээн зохион байгуулагч ONE Championship-ээс тов зарлах ёстой. Одоогоор зодог тайлах тухай бодол төрөхгүй байгаа.
Eedee Ganaa: Дараагийн тулаанаа Монголд хийж болно биз дээ? Одоо манайх зориулалтын октагонтой болсон юм чинь.
Ж.Нарантунгалаг: Дараагийн тулааныг Монголд хийх боломж байгаа гэж бодогддог. Мөн дахин аваргын бүсний төлөө тулалдахыг хүсэж байна. Гэхдээ энэ бүгдийн эцсийн шийдвэрийг ONE Сhampionship гаргана. Хэрэв ONE Championship-ийн тэмцээн Монголд зохиогдвол тороо гаднаас авчрах болно. Учир нь ONE Championship-ийн тор нь бусад ММА тэмцээний торнуудаас ялгаатай. Их өндөр буюу 2 м 80 см, мөн дугуй тойрогтой байдаг.
Чанцалын Үл-Олдох: Хэдэн тулаан хийх вэ? Хэд ялж, хэд ялагдав? Энэ хэд дэх тулаан бэ?
Ж.Нарантунгалаг: Олон улсад бүртгэлтэй 14 тулаанаас 10 ялж, 4 ялагдсан. 2003 онд Монголын Мэргэжлийн Бөхийн Холбооноос анх зохиосон Mongolian Fighting National Champion, Mongolian Fighting UB Grand-Prix цуврал тэмцээнүүдэд оролцож, тухайн үеийн Super Cruiserweight буюу 93 кг-д нийт 7 удаа тоглож, бүгдийг хугацаанаас нь өмнө дуусгасан. Олон Улсын ММА бүртгэлд ороогүй тоглолтууд байдаг. Эдгээрийг нэмээд нийт 21 тоглож, 17 ялж, 4 ялагдсан байгаа.
Maya So: Дандаа эрчүүдийг бэлтгэдэг "Шандас" дожо эмэгтэйчүүдийг эгнээндээ оруулах болов уу? Эмэгтэй тамирчдыг бэлтгэх боломж бий юү? Та гарын шавь нараа бэлтгэдэг шигээ эмэгтэйчүүдийг бэлтгэх үү?
Ж.Нарантунгалаг: Монголын бөхийн төрлүүдийн эмэгтэйчүүдийн амжилтыг хараад ММА-т ч гэсэн эрчүүдээс илүүтэй монгол охид бүсгүйчүүл амжилт гаргах магадлалтай гэж боддог. Эмэгтэйчүүдийг бэлдэх боломж байгаа. Одоогоор хоёр эмэгтэй шавь бэлтгэгдэж байна.
Sanchirsuren Saagii: Сэтгэлзүйн бэлтгэлийг ер нь яаж хийдэг вэ? Их хэцүү л дээ. Зодоонч, тулаанч хүн өөрийнхөө айдсыг яаж ялан дийлдэг вэ? Одоо 40-тэй шүү дээ. Үнэхээр мундаг байна аа, яалт ч үгүй.
Kudo Lkhagva: Ахдаа улам их амжилт ерөөе! Тамирчин хүн болгонд байдаг тулааны өмнөх түгшүүр, айдас гэж... Ер нь сэтгэлзүйн бэлтгэлийн талаар сайхан зөвлөгөө, туршлагаасаа хуваалцвал сайхан байна.
Д.Батгэрэл, Ж.Нарантунгалаг, Ж.Арай, О.Батмөнх
Ж.Нарантунгалаг: Өөрөө үнэхээрийн дуртай, дээр нь бие болон сэтгэл санаагаа эрүүл бөгөөд залуу байлгаж чадвал энэ төрөлд нас ёстой хамаагүй байдаг юм. Хамгийн ойрын жишээ нь миний гол бэлтгэлүүдийг бүхий л төрөлд өндөр хэмжээнд хангалцаж байдаг Оросоогийн Батмөнх гэдэг ах маань өнгөрсөн 11-р сард 60 хүрч ухаан суулаа. Би өөрөө удахгүй 40 хүрч дөнгөж эр болох гэж байна. Гэх мэтчилэн цааш нь дотоод болон гадаадаас бүр олон бодитой жишээ татаж чадна. Хүний биед байдаг олон төрлийн хүчээс хамгийн хүчтэй нь сэтгэлийн хүч. Бусад хүчнүүд удаан ажиллуулах тусам ядарна, бүр гэмтэж, хугарч, сунаж, хавдаж, мултарна. Хэрэв сэтгэлзүйн хүчийг зөв бэлдэж чадвал ядарч цуцахгүй, өвдөж гэмтэхгүй, хамгийн гол нь бурууд хэзээ ч бууж өгөхгүй байж чадах хүч гэж бодон энэ талаа сайн хөгжүүлэхийг хичээдэг. "Хүсэж бэлдэж байсан дуртай зүйл чинь одоо л эхэллээ. Үзүүлээд өг, Тунгаа!" гээд л тулаандаа ордог доо. Айдасгүй эр зориг гэж байхгүй! Эр зоригийг олж авахын тулд агуу дайчин замналтай өвгөдийн баатарлаг түүх болон хүн төрөлхтнөөс тодрон гарсан бусад агуу дайчдын талаар уншиж, сэргээж бодоход аяндаа л ороод ирнэ. Мөн хатуу ширүүн тулааны бэлтгэлийг тогтмол хийх тусам сэтгэлийн хүч дагаад л сайжирч байдаг гэж боддог.
Б. Ганмэнд: Гайхалтай тулаанчаас асуух ганц л юм байна: ямар өшиглөлт хүнийг буулгаж авдаг вэ? Заавал хариулаарай. Баярлалаа.
Б. Ганмэнд: Гайхалтай тулаанчаас асуух ганц л юм байна: ямар өшиглөлт хүнийг буулгаж авдаг вэ? Заавал хариулаарай. Баярлалаа.
Ж.Нарантунгалаг: Хурд, хүчтэй өшиглөлт оновчтой очоод, хамгийн гол нь өрсөлдөгч өвдөлтийг тэсвэрлэж чадахгүй хэмжээнд аюул учруулж чадвал сая өшиглөлтөөр хүнийг буулгаж авах болно.
Chinbat Munkhnyam: Бүсний хариу тулаан хийнэ биз дээ? Монголд холимог тулааныг жилд нэг биш, тогтмол болгох ямар арга зам байна вэ?
Ж.Нарантунгалаг: Монголд холимог тулааны тэмцээнийг жилд олон удаа зохиохын тулд гол нь санхүүгийн асуудлыг бүрэн шийдэх хэрэгтэй. Харин тамирчдыг олшруулахын тулд бага зардлаар, сар болгон грэпплинг, хамгаалалттай кикбокс болон ММА тэмцээнүүдийг тогтмол зохиох хэрэгтэй. Эдгээрийг хэвлэл мэдээллээр тогтмол гаргаж, мөн шүүмж бичдэг өндөр зэрэглэлийн тулаан судлаач нар олширвол энэ тэнд олон удаа маш том амжилт үзүүлсэн гэж ярьдаг, бичдэг, баримт нь огтоос олдохгүй байгаа ам тулаанчид маань багасаж, жинхэнэ амжилт нь тодорч дээшлэх болов уу гэж боддог юм.
Л. Сумьяабаяр: Монголд цэвэр холимог тулааны клуб байдаг юм уу? Яг энэ чиглэлээр сайн тамирчин, багш бэлтгэх заал, багш нарыг бий болгоё гэж бодож байгаа юу?
Ж.Нарантунгалаг: Монголд холимог тулаанаар дагнасан дэвжээ цөөхөн ч гэсэн байдаг учраас л өнөөгийн гадаад дотоодод тулалдан амжилт үзүүлж байгаа тамирчид төрж байгаа болов уу! Яг энэ чиглэлээр бүр сайн тамирчин, маш сайн багш болон дэвжээ олшроосой, чадахаараа бэлдэж бий болгоход нь туслах юм сан гэж бодно оо, бодно.
Elgo Nemehee: 24 настай залуу хичээллэж эхэлбэл оройтсон болов уу? Хөлбөмбөгөөр хичээллэж байсан. Цэргийн алба хаасан, биеийн хөгжлийн хувьд дажгүй. Тэсвэр хатуужил бол хэнээс ч илүү. Гол нь нас болчхоод байна...
Ж.Нарантунгалаг: 24 настай залуу хүн өөрөө дуртай бол өмнөө агуу зорилго тавиад хичээллэхэд яагаад ч нас оройтохгүй ээ. Нас бол зүгээр л хүнд хэлж, бичиг баримт дээр бөглөдөг тоо шүү дээ. Тэгээд ч чи өөрийн чинь хэлснээр хэнээс ч илүү тэсвэр хатуужилтай юм байна шүү дээ. Амжилтад хүргэх нэг номерын авьяас болох уйгагүй, тууштай зантай, бас бусдыг хүндлэх зөв сэтгэлтэй бол зүгээр л амжилт хүсье!
Г. Даваадалай: Монголын тулаанчид гадагшаагаа тэмцээнд явахад анхаарах зүйл юу вэ?
Ж.Нарантунгалаг: Монгол тулаанчид гадаадад гарч мэргэжилд тулалдахын тулд тэр төрлөөрөө хичээллэн, Монголдоо тэмцээнд орж, бусад тамирчдаа гадаадад төлөөлөх эрхээ өөртөө авдаг байвал зүгээр санагддаг. Гэтэл Монголдоо ММА-ын сорил тэмцээнд ч орж үзээгүй, орсон ч ялж үзээгүй нөхөд гадаадын өндөр зэрэглэлийн тэмцээний гол тулаануудад Монгол орноо төлөөлж оролцон, богино хугацаанд цэвэр ялагдаж байгааг харах үнэхээрийн харамсалтай байдаг. Үүнд мэдээж гадаадад ММА-аар тусгайлан бэлтгэл хийж, тэмцээнд оролцож байгаа залуучуудыг хэлэх гээгүй юм шүү. Харин ч тэд маань Монголдоо ирсэн үедээ зав гаргаад, сурсан мэдсэнээ бидэнтэйгээ хуваалцаж байвал баяртай байх болно.
Naranbaatar Naraa: MGL-1 Fighting Championship-т аваргалсан тамирчдыг ONE FC-т хүч үзүүлэх үү?
Ж.Нарантунгалаг: Монголын Тулааны Шилдэг Тамирчдын Холбоо MGL-1 Fighting Championship-т аваргалсан болон чансаатай тулаан үзүүлсэн тамирчидтай ярилцаж байгаад ONE болон бусад холбоонд танилцуулахаар болсон байгаа.
Наранбат Мэндбаяр: [Гафуровтой хийсэн тулаанд] гарын өчилтөөс яаж гарсан бэ? Маш гайхалтай гарсан, хэр баргийн хүн гардаггүй юм билээ. Маш лав орсон харагдсан.
Сүүлд хий саваад, ардаа алдаад, боолтод ороход юу бодогдсон бэ? Бууж өгч болохгүй гэсэн монгол эрийн хийморь байсан уу? Монголчууд бүгд сонирхож байгаа байх аа. Баярлалаа. Бахархаж байсан шүү.
Ж.Нарантунгалаг: Гарт өчигдөх үед болон бусад олон төрлийн өчиг, боолтуудын мэхийг эхэн, дунд, төгсгөл үед хөдөлгөөн болгон дээр сөрж хамгаалах олон янзын хос дасгал байдаг. Тэдгээрийг олон янзын бие бялдар, арга мэхтэй хүмүүстэй хосолж давтсаны ачаар гарт хийсэн өчгөөс мултарсан гэж боддог. Гарт өчих мэхний төгсгөл хэсгээс хамгаалах нь хэцүү байдаг ч тэр үед жаахан тэсвэрлээд, Арай багшийнхаа анх заасан аргаар эрхий хуруугаа бугуйгаар нь дотогш эргүүлэнгээ баруун гараар хөлийг давхраар нь толгой талруугаа давуулж түлхээд, өөрөө өндийж дээр гарах мэхийг ашиглан гарч чадсан.
Өөрт алдсан боолтны хувьд өрсөлдөгчийн шуу эрүүн доогуур их эвгүй орсныг мэдсэн, буулт хийх талаар огт бодол төрөөгүй, гарах тухай л бодож оролдож байсан. Гэхдээ өндөр амьсгаадсан, тархинд хүчил төрөгч их дутагдсан үед таарсан учраас ухаан ороход тулаан нэгэнт дуусчихсан байсан даа.
Vadgaa ManUnited: Та даага нэхэх тулаанаа хийхээр боллоо гэхэд одоо ямар тактик барьж тулалдъя гэж бодож байгаа вэ, аварга аа? Та босоо тулаандаа илүү байсан болохоор барилдаанаа илүү бэлдэх хэрэгтэй гэж бодогдож байна уу? Амжилт хүсье, танд!
Ж.Нарантунгалаг: Цаашид даага нэхэх тулаан болсон ч, үгүй ч, босоо болон хэвтээ барилдаан, эдгээрийн хамгаалалтад илүү анхаарч бэлтгэлээ базаах болно. Аль болох өөрийн аргалсан, хамгаалсан барилдаанаас холдож, өөрөөс довтолж, яг зууралдсан байдлаар булчингийн хүчийг маш ихээр гаргасан барилдааны бэлтгэлийг их хийхийг хичээнэ дээ. Дараагийн тулааны бэлтгэлийг базаахын тулд Арай Жүничи багшийн маань судалсан бэлтгэлийн нарийн төлөвлөгөө ч бас байгаа.
Н. Хэнзээ: Эцсээ хүртэл тэвчиж чадсанд бахархсан шүү, танаар. 20 настай хүн одооноос бэлтгэл хийж, тулалдаж эхэлбэл хэдэн жилийн дараа амжилтад хүрч чадах бол?
Ж.Нарантунгалаг: 20 настай хүн холимог тулаанаар уйгагүй хичээллэж чадвал гурван жилийн дараа Монголдоо амжилт гаргаад эхэлж байгаа судалгаа байна. Хэрэв өмнө нь бөхийн болон тулааны өөр төрлүүдээр зөв суурь тавигдсан, амжилт үзүүлж байсан бол мөн оролцох жинд нь дотоодын тамирчдын өрсөлдөөн сул бол эхний амжилтад хүрэх хугацаа нь улам богиносдог. Холимог биш дагнасан тулааны төрлөөр эхний хоёр жилээс, зарим тохиолдолд нэг дэх жилээсээ дотооддоо өндөр амжилт үзүүлсэн тохиолдол ч байдаг. Энэ бүгдийг шавь нарынхаа дотооддоо үзүүлсэн тулааны төрлүүдийн тэмцээний амжилтаас дүгнэж хэлж байна.
Munkh-Ireedui Tuvshinjargal: Жюү-жицүгээр оролддог уу? Уг нь манайханд нэлээд ойр юм даа.
Ж.Нарантунгалаг: Жюү-жицүгийн Но-ги буюу өмсгөлгүй төрлөөр Арай багшаараа заалган, мөн энэ чиглэлээр дагнан сонирхдог шавь нартайгаа нийлэн судалж бэлтгэлээ базаадаг.
Turuu Mongolia:
1. Та долоо хоногийн хэдэн өдөрт нь, хэдэн цагаар бэлтгэл хийдэг вэ?
2. Таны жин яг норматив болоод тогтсон уу? Тэмцээний өмнө ер нь яаж жингээ тохируулж байна вэ?
3. Монгол залуучууддаа хандаж хэлэх бэлтгэл болоод тулааны дүрмийн анхаарууштай зүйл юу байна вэ?
4. ONE FC болон Legend FC, ер нь ММА тэмцээн уралдаанд ороход эмчийн үзлэг, эрүүл мэндийн даатгал, нөхөн олговор, эсвэл эмнэлгийн үйлчилгээний талаар [гэрээнд] юү гэж заасан байдаг вэ?
Ж.Нарантунгалаг: Ердийн үед долоо хоногийн зургаан өдөрт, өдрийн 5-6 цагийн бэлтгэлтэй байдаг. Тэмцээний бэлтгэлтэй үед өглөөний бэлтгэлээ нэг цагаар багасгаад, оройн үндсэн бэлтгэлийн ачаалал нь нэмэгддэг. Бэлтгэл багассан үед жин нэмэгдээд эхэлдэг учир хоолоо багасгадаг. 4-6 кг-ыг 40-өөд хоногийн өмнөөс шингэн хасахгүйгээр, өөхөөр хасаад, 2,5-3 кг-ыг нь жин үзүүлэх өглөө шингэнээр хасаад ордог.
Хэрэв залуус тулааны төрлөөр тэмцээнд орох гэж байгаа бол эхлээд дүрэмтэй нь танилцаж, тэмцээн юун дээр болох вэ гэдгийг сайн мэдээд, дүрэмд заагдсан цаг, тулааны мэхүүдийг олон төрлөөр ашиглаж бэлтгэлээ базаах нь дээр. Холимог тулаанд тохойгоор толгой руу довтолдог болон довтолдоггүй, хэвтээ байрлалд толгой руу өшиглөж, өвдөглөдөг болон өшиглөж, өвдөглөдөггүй, мөн рингэн дотор болон торон дотор гэсэн ялгаатай дүрэмтэй зохиогдож байна. Ядралгүй, удаан хугацаанд тулалдахын тулд зүрхний ачаалалтай бэлтгэлийг сайн хийж, дотор өөхийг арилгах хэрэгтэй гэж боддог.
Legend FC, ONE Championship нь эмнэлгийн бүх төрлийн үзлэгийг маш нарийн шалгаж шаарддаг. Тамирчид эрүүл мэндийн даатгалд хамрагдаж, хүнд гэмтлийн эмчилгээний зардлыг бүрэн хариуцахаар заасан байдаг.
Legend FC, ONE Championship нь эмнэлгийн бүх төрлийн үзлэгийг маш нарийн шалгаж шаарддаг. Тамирчид эрүүл мэндийн даатгалд хамрагдаж, хүнд гэмтлийн эмчилгээний зардлыг бүрэн хариуцахаар заасан байдаг.
Энхбаярын Мижиддорж: Таныг хүндэлж явдаг. Би хүүгээ өөрт чинь шавь оруулах гэсэн юм. Та хэзээнээс сургалт, секцэнд цаг зав гаргах боломжтой вэ? Тулааны спортоор хэдэн настайгаасаа явбал болох вэ? Миний хүү таван настай.
Ж.Нарантунгалаг: Хүүхдийг долоон настайгаас нь спортод дуртай болгож, дадал суулгах зорилгоор уян хатан, тэнцвэрийг сайжруулан, эвсэл оруулах техник зааж биеийг чийрэгжүүлэн төлөвшүүлж, сэтгэл санааг нь төвлөрүүлж сургах нь зөв юм байна гэж боддог. 2016 оны 1-р сараас "Шандас" ММА клуб албан ёсоор анх удаа шинэ элсэгчдийг авахаар болсон байгаа.
Armbar Kimura: Та сүүлийн тулаанд оролцхоосоо өмнө жил гаруйн хугацаанд сул зогссон. Тулаан хийлгүй удах нь мэдээж нэг их сайн юм биш. Хэрвээ таны санаснаар болдог бол жилд хэдэн тулаан хийх вэ?
Ж.Нарантунгалаг: Бэртэл гэмтэлгүй байж чадвал жилд дөрвөн тулаан хиймээр санагддаг.
Armbar Kimura: Дараагийн тулаандаа хэнтэй таарах магадлал их байна вэ? Хэнтэй нударга зөрүүлэхийг илүүд үзэх вэ?
Ж.Нарантунгалаг: Миний бодлоор Оросын [Тимофей] Настюхин, Филиппиний Эрик Келли, Японы [Котецү] Боку нарын хэн нэгэнтэй тулалдаад, ялж чадвал дахин аваргын бүсний төлөө тулалдах эрхийг авах байх гэж таамаглаж байна. Гэхдээ эцсийн шийдвэрийг ONE Сhampionship гаргах болно. Миний хувьд санал болгосон хэнтэй ч тулалдахад бэлэн байна.
Armbar Kimura: Та бэлтгэлээ өөрийн "Шандас Дожо" болон Жүничи Арай багшийн "Бүгэн Жүкү" клубт голлон хангадгийг хэлж байсан. Монголдоо өөр клубт, эсвэл өөр клубийн тамирчдыг урьж бэлтгэл хангуулах талаар бодож байгаа юу? Таны сүүлийн тулаанаар жишээ авбал, Марат Гафуров шиг тамирчинтай тулалдахын тулд түүнтэй адил хэмжээнд хөлд орж, бүхий л тулааны турш шахалт үзүүлэх чадвартай, тийм бэлтгэл хангагч хэрэгтэй байгаа харагдсан. Тийм хүнийг чөлөөт бөхийн заалнаас л урьж авчрахгүй бол олоход хэцүү шүү дээ.
Ж.Нарантунгалаг: "Шандас" болон "Бүгэн Жүкү" клубт жюү-жицү, жудо, чөлөөт бөх, үндэсний бөхөөр хичээллэдэг тамирчид бас байдаг. Би л өөрөө хичээж суралцаж чадвал босоо, хэвтээ барилдааны бэлтгэл хангагч болон зааварлах хүн олон байгаа.
Armbar Kimura: Та ONE Championship-т орсноосоо эхэлж хагас хөнгөн жингийн ангилалд өрсөлдөх болсон нь маш зөв сонголт гэж хувьдаа бодож байна. Саяхны нэг ярилцлагадаа тэмцээнд орохдоо 8 кг хасаж байгаа гэж хэлсэн байсан. Жин бууж өрсөлддөг болсноор хооллолтдоо өөрчлөлт оруулсан уу? Давс, чихэр, өөх тосны хэрэглээ хязгаарлах зэргээр...? Та өдрийн турш хэдэн удаа хооллож, юү юү иддэгээ хэлээч.
Ж.Нарантунгалаг: Жирийн үед идэх хоолондоо өөрчлөлт оруулаагүй. Тэмцээний бэлтгэлтэй үед нүүрс ус, давсыг багасгаад, чихрийг бүр хорьчихдог. Олон төрлийн мах, ногоо, өндгийг шөлтэй, хуурай янз бүрээр холиод өдөрт гурван удаа цадтал идэхгүйгээр хоололдог. Шингэнээ болон өөх тосыг хасдаггүй. Эхнэр маань олон төрлийн сайхан амттай хоолнууд хийдэг учир хоолны дэглэм барихад жаахан хэцүү!
Armbar Kimura: Тулааны спортын тамирчид төмөр өргөх нь хурд алдагдуулж, техникт муугаар нөлөөлдөг гэсэн хуучны өрөөсгөл ойлголт байдаг. Та энэ талаар ямар бодолтой байна вэ? Хэвтээ шахалт болон штангтай суултын дээд амжилт хэдэн кг бэ?
Ж.Нарантунгалаг: Тулааны тамирчдад хүчний бэлтгэл маш хэрэгтэй байдаг. Гэхдээ штангийн тамирчид шиг хамгийн хүндийг өргөх, бодибилдингийн тамирчид шиг гоё харагдах нь чухал биш. Тулаанч хүний бие цуцдаггүй, өвддөггүй, хурдтай, хүчтэй, уян хатан булчинтай байхаас гадна өндөр ачаалал авсан, ядарсан үед сэтгэн бодох, сонсох, харах чадвараа алдахгүй байх нь хамгийн чухал байдаг. Гаднах булчингаас илүү дотор булчин болох уушги, зүрх, элэг, бөөр, хоол боловсруулах эрхтний булчин эрүүл, хүчирхэг байвал удаан хугацааны их ачааллыг болон олон арван хүнд цохилтын доргилтуудыг хялбар дааж гардаг. Штангаар дээд амжилт руу их зүтгэж үзээгүй. Долоон жилийн өмнө "Шандас" клуб дээр Штангийн Хөхөө багш ирж зөвлөж, бэлтгэл хийлгэхэд хэвтээ шахалтыг 115 кг-д хоёр, суултыг 160 кг-д хоёр, нуруу таталт 170 кг-д мөн хоёр удаа хийж байсан. Хүндийг өргөх нь тулаанд маань муугаар нөлөөлж байсан учир түүнээс хойш багаар олон давтахыг чухалчилдаг болсон. Одоо шахалтыг 80 кг-аас, суултыг 100 кг-аас, таталтыг 110 кг-аас дээш гаргахгүйгээр, нэг оролтдоо 12-16 тоогоор 4-6 удаа давтан ордог болсон байгаа. Оролтын хооронд бусад булчинг хөгжүүлэх дасгалуудыг оруулан зүрхэнд өндөр ачаалалтай хүчний бэлтгэлээ хийдэг. Мөн завсраар нь гуя, гэдэс, болон бусад хэсэг рүүгээ цохиулж, өшиглүүлнэ. Ер нь хүчээ дээш нь жаахан нэмээд ирэхээр ачаалалтай бэлтгэлийн явцад булчин их бадайрч, цуцаад эхэлдэг.
Armbar Kimura: Спортын анагаах ухаан хөгжсөн өнөө цагт спортын нэмэлт хүнсний хэрэглээ нэлээд тархаж, маш өргөн сонголттой худалдаалагдаж байна. Та хүнсэндээ витамин, уураг, амино хүчил зэргийг хэрэглэдэг үү? Тийм бол ямрыг нь аваарай гэж зөвлөх вэ?
Ж.Нарантунгалаг: Миний хувьд хоолноосоо биед хэрэгтэй тэжээлээ авч чадаж байгаа, хангалттай эрүүл байна гэсэн бодолтойгоор нэмэлт тэжээл хэрэглэдэггүй байсан. Харин цаашдаа энэ талаар судалж үзээд, шаардлагатай тэжээлийг нэмэлтээр хэрэглэж байх нь зүйтэй гэж бодох болсон. Яг ямрыг хэрэглэхийг одоогоор сайн мэдэхгүй байна.
Armbar Kimura: Та Venum-ийн шорт өмсдөг. Энэ брэнд таныг албан ёсоор ивээн тэтгэдэг үү?
Ж.Нарантунгалаг: Өөрт таалагддаг учир өмсдөг байсан. Миний хувьд ивээн тэтгэлгийн гэрээ байгуулаагүй. Харин энэ жилийн MGL-1 тэмцээнд манайхаас орсон таван тамирчныг болон ард нь гарах хүмүүсийн хамт Venum албан ёсоор ивээн тэтгэсэн. Энэ гэрээг олж өгсөн Анар Сэр-Од-доо их баярлалаа.
Armbar Kimura: Та гэрээ ёсоор ONE Championship-ээс өөр холбоонд тулалдах эрхтэй юү? Өөр холбоодоос санал ирдэг үү? Одоо ONE-д хэдэн тулаан хийх үлдээд байгаа вэ?
Ж.Нарантунгалаг: Өөр холбоонд тоглож болохгүй гэсэн гэрээтэй. Өөр холбоодоос санал ирдэг. Гэрээ ёсоор ONE Championship-т гурван удаагийн тоглолт үлдээд байгаа.
Armbar Kimura: Таныг анх ONE Championship-тэй гэрээ байгуулсны дараа, удахгүй Монголын тамирчид таны араас энэ холбоонд тулалдах байх гэсэн хүлээлт бий болсон. Гэвч таны шавь нараас одоог хүртэл хэн нь ч энэ холбоонд тулалдаж амжаагүй л байна. Энэ талын хэлэлцээ хийж байгаа юу? "Шандас"-ын тамирчид Монголдоо тэргүүлж буй нь жил жилийн MGL-1 тэмцээнээс харагддаг. Таны шавь нар ONE-д биш юм аа гэхэд, гадаадын өөр холбоодод хэзээ гарах вэ?
Ж.Нарантунгалаг: Гадаадаас ирсэн саналуудыг болон өөр бусад холбоог судалж, Арай Жүничи багштайгаа ярилцаж байгаа. Тун удахгүй гарч тулалдацгаах болно оо.
Armbar Kimura: Та гарааны дуундаа ихэвчлэн Чингис Хаан хамтлагийн "Чингисийн Баатрууд" дууг сонгосон байдаг. Нарантунгалаг гэдэг хүн өдөр тутмын амьдралдаа ямар дуу хөгжим сонсох дуртай вэ?
Ж.Нарантунгалаг: Өөрт аятайхан санагдсан, их таалагдсан дуу хөгжмийг олон дахин сонсох дуртай. За, бүхии л төрлийн дуу, дуучид байдаг.
Armbar Kimura: Ярилцсанд баярлалаа. Дараагийн тулаанд тань амжилт хүсье! Монголынхоо ММА сонирхогчдодоо хандаж үг хэлнэ үү.
Ж.Нарантунгалаг: Монголд Холимог тулааны урлаг хөгжихөд олон жил үнэтэй хувь нэмэр оруулж, тулааны бүхий л шинэ соргог мэдээллийг цаг тухайд нь олж өгч байгаа Armbar Kimura буюу П.Батжаргалдаа хувиасаа болон холимог тулаанч тамирчдынхаа өмнөөс маш их баярлаж явдгаа илэрхийлье!
Тулаанч биднийг дэмжиж, сэтгэлийн хүчийг бэлэглэдэг та бүхэндээ сайхан бүхний дээдийг хүсье! Тулаан сонирхогч залуустаа хандаад, амжилтад хүрэх нэг номерын авьяас бол уйгагүй, тууштай байх зан юм шүү! Монгол тулаанчдын амжилтын замнал үргэлж өөдөө байг!
Жич: утга давхацсан асуулт болон дан ерөөлийг энэ нийтлэлд оруулаагүй болно.
Энэхүү ярилцлага урьд өмнө гарч байсан Ж.Нарантунгалагийн ярилцлагуудаас арай өвөрмөц болсон, уншихад сонирхолтой байсан гэдэгт итгэлтэй байна. Асуулт болон ерөөл бичиж үлдээсэн та бүхэнд баярлалаа.
Armbar Kimura
Армбар кимурагийн оновчтой асуултуудад, Нарантунгалаг аварга шударга, ухаалаг, даруулаг хариулсан нь маш их таалагдлаа! Аваргадаа амжилт хүсье!
ReplyDelete