2012/07/05

UFC 11-р сард Хятадад тэмцээн зохиох боллоо

UFC 1,3 тэрбум хүн амтай Хятад улсын зах зээлд гарах санаархал нь биеллээ олж эхэллээ. Мягмар гаригийн үдэш UFC холбооны удирдлагууд Хятадад анхныхаа тэмцээнийг зохион байгуулах гэж байгаа тухай албан ёсны мэдэгдэл хийжээ. Ирэх 11-р сарын 10-нд БНХАУ-ын тусгай захиргааны бүс Макаод орших 15,000 хүний суудалтай CotaiArena ордонд UFC On Fuel 6 тэмцээн зохиогдох болсон байна. Тэмцээнд оролцох тамирчдын нэрс одоогоор зарлагдсангүй. Тэмцээний үндсэн хэсгийг Fuel TV сувгаар, харин урьдчилсан хэсгийг Facebook-ээр төлбөргүй цацахаар төлөвлөж байгаа аж.


UFC-ийн Ази тивийг хариуцсан гүйцэтгэх захирал Марк Фишер энэ тухай: "Энэ үйл явдал нь UFC брэндийг дэлхийн энэ бүс нутагт, ялангуяа Хятадад хөгжүүлэх чухал алхам юм. Бидэнд ийм боломж нээгдсэнд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд биднийг анхаарах болсонд, тус бүс нутгийн олон сая үзэгчдэд зориулж амьд үзвэр зохион байгуулах болсондоо туйлын их баяртай байна" гэжээ.

UFC-ийн Ази тивийг байлдан дагуулах аян өнгөрөгч 2-р сард Япон улсад зохиосон UFC 144 тэмцээнээр амжилттай эхэлж, ийнхүү Хятадаар үргэлжлэх төлөвтэй байна.

No comments:

Post a Comment