Strikeforce холбооны хагас дунд жингийн аварга асан Америк улсын 28 настай тамирчин Ник Диаз өөрийн дасгалжуулагч Цезарь Грэйсигээр дамжуулж, их спортдоо эргэн ирэхээр шийдсэн, түүнчлэн UFC холбооны дунд жингийн аварга Андерсон Силватай тулалдахыг хүсч байгаагаа мэдэгдлээ. Энэ тухай Цезарь Грэйси мэдэгдэл гаргаж, graciefighter.com сайтад нийтэлжээ.
"Энэ долоо хоногт бид хоёр уулзаж ярилцсан, тэрээр эргэн ирэхэд бэлэн байна гэсэн. Ник Диаз [их спортод] эргэн ирнэ ээ. ... Бид Невада мужийн спорт комиссын шийдвэрийг шүүхэд давж заалдах өргөдлөө гаргаад байгаа. Шүүхийн шийдвэр бидний талд гарвал Ник энэ оны сүүл гэхэд спортдоо эргэн ирэх боломжтой болно. ... Тэрээр Андерсон Силваг их хүндэлдэг бөгөөд түүнийг хүндэтгэлтэйгээр тулаанд дуудаж байна. ... Силвагийн багийнхан Силваг Жорж Сэнт-Пьертэй, магадгүй завсрын жинд тулалдаж болох тухай ярьсан. Ник, Силватай тулалдах боломж гарвал шууд хүлээн авах болно гэж надад хэлсэн, тэгэхдээ аваргатай нүүр тулахын тулд Силваг жингээ хасах хэрэггүй, Ник өөрөө жин өгсөж, 84 кг-д тулалдахад бэлэн байгаа".
Сануулахад, Ник Диаз өнгөрсөн 2-р сард болсон UFC 143 тэмцээнд Карлос Кондитод шүүгчдийн шийдвэрээр ялагдсаны дараагаар, шинжилгээний сорьцоос нь марихуаны задралын бүтээгдэхэүн илэрснээр нэг жилийн хугацаагаар тэмцээнд оролцох эрхээ хасуулсан юм. Үүнд эгдүүцсэн Диаз тухайн үед тулааны спортоос зодог тайлж буйгаа зарласан юм.

No comments:
Post a Comment